Дотоод мэдээ

Г.Магалжав гуайн нэгэн явдал

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат нэрт уяач Галын Магалжав улсын баяр наадмын түүхэнд онцгой зүйл тохиолдсон хүн. Энэ хүний алаг азарганы төл гурван алаг үрээ улсын баяр наадамд удаа дараагаараа ирж нүдтэй бүхнийг бүлтийлгэж, чихтэй бүхнийг дэлдийлгэж байлаа. 

1959 оны баяр наадмаар Г.Магалжав морь барианы ойролцоо зогсч байв. Эхний алаг үрээ түрүүлэхэд хажууд зогссон халамцуу хүн 

-Энэ хэний хурдан буян бэ? гэж гэнэ. Магалжав гуай ч "Минийхээ" л гэж гэнэ. Цаадах эр "За баяр хүргэе. Би чинь түрүү морины эзэнтэй хамт зогсч байгаа юм байна. Хийморьтой байна шүү.." гэж гэнэ. Аман хүзүүний алаг үрээ хэнийх вэ? гэхэд "Бас минийх ээ" гэж гэнэ. Мөнөөх эр "За эхний хоёр үрээ нэг эзэнтэй юм байна шүү дээ..." гэж гэнэ. Гурав дахь алаг нь хэнийх вэ гэхэд мөнөөх л үгээ давтлаа. Халамцуу эр энэ удаа уурлаж "Хаашаа юм энд уралдаж байгаа болгон чинийх байдаг юмуу, худлаа яриад бай..." гэсэн юм гэдэг. Нээрээ ч улсын баяр наадамд нэг хүний тэгээд зүс нийлсэн гурван алаг адуу дараалаад ирнэ гэж хэний толгойд буух билээ дээ...

О.Наранбаатар