Домог, хууч яриа

Манлай уяач Д.Даш

Төв аймаг руу Хэнтийн хурдыг зөөх эхлэлийг тавилцсан "түүчээ" хүмүусийн нэг нь Сэргэлэн сумын улсын манлай уяач Дамдингийн Даш юм. Идэр залуухандаа Хэнтий рүү олон явж хурдан морь авчирч байв. Нэг удаа явахдаа Хэнтийн Галшарын Ангасай, Банзрагчаас соёолон саарал үрээ авч ирэв. Тэр үрээг аймгийн төвийн Сэрээтэр эмч худалдан авч Борнуурын уяач ах Жамбалдаа өгсөн байна. Жамбал саарал азарганаас олон хурдан төл авсан юм. Түүний уясан бор халзан, хүрэн хоёр соёолон улсын наадмын айргийн тав дотор дараагаараа ирж байлаа. Энэ адуу Жамбалын адууг сэргээж тэрбээр манлай уяач болсон юм. Чонон хул гэдэг хурдан хул азаргыг мөн Сэрээтэр эмч авч ахдаа өгчээ. Даш нутгийн уяач уран Гомбожав ойн цагдаа Гэцэг нартай нэгэн уяанд морь уяж байв. 1961 оны наадам дөхөж байлаа. Нэг давхилд залуу уяач Дашийн шарга морь Гэцэгийн хамар цагаан хүрэн морийг шийдсэн дийлэхэд Гомбожав еэ хөөрхий хэтэрчихлээ гэж байв. Даш яахаараа хэтэрдэг, яахаараа дутдагийн учрыг олохгүй явсан үе. Улсын наадамд очихоор ачаалах гэж байтал уяаны шон дээр хэрээ суув. Тэгэхэд Гомбожав за манай уяанаас нэг морь айрагдах нь гэж байв. Наадам болж их насны морь ирэхэд Дорноговийн Хонгор морьтын Цэндийн хонгор зээрд, Баян сумын Галын хүрэн, Дашийн шарга , Гомбосүрэнгийй бор, Алтанбулагийн Даатамгын хээр, Цэрэн-Янживын буурал морьд тасархай явлаа. Тэр хэдэн мориноос барианд ойрхон газар Галын алдарт хүрэн морь ойчиж Цэндийн хонгор зээрд түрүүлж Дашийн шарга морь аман хүзүүдэж, Гомбосүрэнгийн бор гуравт,  Даатамгын хээр дөрөвт, Цэрэн-Янживын буурал морь тавд орсон байдаг. Галшараас хурдан хурц байж болох ганц нэг адуу авч явахдаа Ангасай Банзрагч, халзан Дамбий, Ширнэн гээд олон нөхөдтэй болж тэд ч тусалдаг байж. 1970 онд Дорнойн Сундуйтай Галшар орж хүрэн Жамсрангийн хүрэн азаргыг Сундуй авч Даш түүнийг нь хөтлөн нутгийн зүг явахад Ширнэн Архудаг гэдэг газар хүртэл гаргаж өгөөд буцжээ. Тэр явалтаар Галшарын Балдайн Санжаа гэж их уяач хүн Дашийг олон очихоор нь тэгсэн юм уу эсвэл санаандаа таарсан адуу олж авч чадахгүй байгааг нь анзаарсан уу. Чи нэг унагатай гүү аваарай гэжээ. Тэгээд Дашид чи адуугаа үзчихээд яваарай. Ар худагт бэлбэсэн хонгор унагатай хонгор гүү байгаа ирэх жил эртхэн ирж авна биз. Гүүг нь хадгалж байгаарай. Дорноговийн онгой Адилбишийн зул хонгорын угшилтай гүү шүү. Сарваа нь яахав гэжээ.Тэр гүү Дашид ирээд ердөө унагалсангүй. Хонгор даагаараа хожим азарга тавив. Энэ хонгор азарганд явсан Хэнтийн Баянмөнхийн хүрэн халзан гүүнээс бэлэвсэн хонгор унага гарсан нь Дашийн хонгор гэж зард гарсан хурдан азарга болсон юм. Энэ гүүний дөрвөн эр төлөөс хоёр нь улсад айрагджээ. Даш улсын наадмаас арван гурван айраг дөрвөн аман хүзүү авчээ. Тэрбээр хонгор азаргаа найман нас хүртэл нь уяж зургаан удаа айрагдуулахдаа хоёр аман хүзүүдүүлсэн юм. Энэ хонгор азарга ид хурдлах үедээ дөнгөж найман насандаа азаргатай ноцолдож хөлгүй болжээ. Нэг жил улсын наадамд Дундговийн Говь-Угтаал сумын уяач Шаравжамцын хүрэн азаргатай хонгор азарга нь зуузай холбон буруу талаар нь хошуу өлгөн орж ирэхэд морь бариач хүрэн азаргыг барьжээ. Тэгэхэд түрүү азаргыг барьсангүй гэж маргаан гаргахад Даш" Өө яахав. Хэрүүл уруулаар юу хийхэв. Айрагдаж л байвал болоо" гэжээ. Даш гэж ийм л нэгэн гудиггүй эр байх. Тэдний адуу одоо ид хурдлах үе дээрээ байна. Тэр тусмаа гүүн тал нь угшил сайтай юм. Хэнтийн Галшар, Дагмид адуунаас гадна Баянжаргалангийн Дулаан Дамдинжавын хонгор, Баянцагааны Баярын саарал азарганы удмын гүүтэй юм. Хонгор азарганы төл олон хурд гарч байна. Сэргэлэн сумын Ононгийн саарал, өөрийн нь саарал азарганууд их хурдан байгаа юм. Дашийн саарал азарга мориноос амархан зайлна, хөлийн хурд ихтэй, суултгүй, их яваач адуу даа. Сэргэлэн сум наадам хийхэд Дашид олон хүн баярласнаа хэлж ирдэг юм. Гэвч тэр бас хүмүүст хурдан адуу өгөхсөн гэж бодож явдаг хүн. Орсон гарсан өөрийн санааг нь дэмжих болов уу гэсэн нутгийн хүмүүст "Манай сум жижиг Сүхбат зааныг нэг урьдаггүй юм байхдаа. Би нэг адуу өгөх юмсан. Нутгийн нэр гаргаад сайхан барилдаж яваа хүү дээ. Хөөрхий тэр муу дуучин Адарсүрэнд нэг юм өгөхсөн” гэж суудаг юм. Дашийг замын хүнд ханилгаатай жинхэнэ эр хүн гэлцэнэ.

 

Ш.Ганхуяг 1998 он "Уяачийн нууц товчоон" номноос