Домог, хууч яриа

Галийн Дамбуугийн хонгор

Энэ хурдан азарга лавтай Завхан аймгийн баяр наадамд гурав түрүүлсэн байдаг. 1978, 1980, 1981 онуудад Завхан аймгийн баярт түрүүлсэн. 1980 оны Завхан аймгийн баяр наадамд хоёр төлтэйгээ түрүүлсэн. Хонгор даага, хар шүдлэн түрүүлсэн. Нэг жил гурван түрүү авч яг өөрийн нэрээр цоллуулсан энэ амжилтыг одоо хэр нь эвдээгүй л байна. Ер нь тухайн үеийн цуваа дутуу дулимаг бөгөөд Г.Дамбуу уяач илүү ч олон айраг түрүү авсныг тухайн үед наадам үзэж явсан хүмүүс дурсдаг. Зураг дээрх хонгор азаргатай хамт байгаа алаг үрээ мөн л Завханы баярт айрагдаж байжээ. 1983 онд Завхан аймгийн 60 жилийн ойд хонгор азаргаа аман хүзүүдэхэд нь Г.Дамбуу уяач хөдөлмөрийн баатар, нэгдлийн дарга Сандагийн Адьшажавт тэр үеийн уламжлалаар бэлэгт өгч байсан юм. Түүнээс нэг жилийн өмнө улсын наадамд жил дараалан түрүүлээд байсан Түвдэнгийн хурдан алаг морийг Хүүхдийн төлөө фондод бэлэгт өгч байсан түүхтэй.