Шөнхийн Халиун
Шөнх буюу Ц.Дашдондовын халиун морь дааганаасаа 21 нас хүртлээ уралдсан. Нэг жил 7 уралдаад 7 түрүүлж байсан ч тохиолдол бий гэдэг. Жил бүр зургаагаас долоо уралддаг, айргаас мултарч үзээгүй гэхээр 100 айрагдсан байхаа гэж эзэн уяач ярьжээ. Түүнээс хамгийн алдартай нь 2000 оны Тэсийн даншиг. Нагааранзын халзан, манлай уяач Б.Баасанжавын хүрэн, хээр зэрэг цэвэр шахуу том морьдтой зартай уралдаан хийсэн. Энэ гурав гараад л өнгө авсан. Шөнхийн халиун 200 гаруй моринд дундаас арай урагш явсан байх. Үзүүр дээрээ Шөнхийн халиуны хүүхэд жолоогоо хаяад савж ороолгоход сул юм шиг гурван том морины хажуугаар нь өнгөрөөд араас нь нөгөө гурав дахиж тарлаад шогшиж дөрөвт оржээ. Нөмрөгийн Яаваахайн улаан Шөнхийн халиун хоёр бол нэгэн үеийн хурдан морьд юм.
1984 онд Асгат суманд төрсөн унага. Асгат сум үүсэн байгуулагдаад хийсэн анхны наадамд даага түрүүлж 20 жилийн ойд нь 21 настайдаа айрагдаад зодог тайлжээ. Эр хүний амьдралд хорин жил хань болсон баруун монголын нэгэн цуут хүлэг байж дээ. Ц.Дашдондов Нөмрөг сумын Рашаан амралт дээр ажиллаж байх үедээ хээр соёолон тус сумын баярт түрүүлгэж байсан. Баянхайрханаас цоллуулсан наадам ч бий. Өдгөө Завхан аймгийн Идэр суманд амьдарч байна.