Домог, хууч яриа

Тод манлай уяач Н.Даш-Өлзий

Сонгомол ангилалын гурван домогт хүлгийг нэгэн уяан дээр сойж, өвөл зунгүй сайн уралдуулж байсан хүн бол Эрдэнэхайрхан сумын уугуул тод манлай уяач Н.Даш-Өлзий юм. Үндэсний морин уралдаан, хүчит бөхийн барилдааны бай шагналыг өсгөх, оны шилдэг найман бөхийн байг олгох, дархан аваргуудын үндэсний их баяр наадам дээр үзүүлдэг хүндэтгэл зэргийг бий болгосон хүн. Украйнд хөнгөн үйлдвэрийн технологиин дээд сургууль төгссөн хүн юм. Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчээр ч үр бүтээлтэй ажиллаж байсан. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Зөвхөн улс бүсийн уралдаанаас 27 айраг түрүүг одоогоор аваад байна.

Сайн адууг цуглуулав

1993 оноос адуутай болж эхэлсэн. 1995 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын наадамд унаган зээрд даагаа айрагдуулсан. Завханы Эрдэнхайрхан, Баянтэс, Хэнтийн Галшар, Сүхбаатарын Уулбаян, Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн, Жаргалант сумдын удамт адуу, Будённый, Араб, Англи үүлдэр зэрэг адуунууд цуглуулсан. Төв аймгийн Сэргэлэн Лхагважавын хонгор гэдэг 1998 оны Баянцагааны даншигт айрагдсан азаргыг авсан. Энэ хонгор 1970-д оны үед хэд хэдэн аймгийн адуунд үзлэг хийж шигшмэл сууриудыг бүрдүүлж, түүнээсээ буруутаж зэмлэл шийтгэл хүлээж явсан малын эмч, адуу судлаач Сааралын Сэргэлэн суманд үүсгэсэн шилмэл суурийн адуунаас үүсч гарсан хурдан азарга. Шүдлэндээ улс, бүсийн уралдаанд 2 айрагдсан, энд ч мөн айрагдсан. Уул нь Сааралын тэр ажлыг социализмын үеийн төр, засаг нуга даралгүй дэмжсэн бол ихээхэн үр дүнд хүрэх байсан юм. Н.Даш-Өлзий гуай авч өөрөө ч хурдан, үр төл нь сайхан хурдалсан. Баян-Өнжүүлийн гаралтай хоёр хонгор гүү өгч, төл хонгор дааганууд улсын наадамд 11, 12-т, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 80 жилийн ойд түрүү аман хүзүүнд давхиж эцэг хонгор азарга нь түрүүлж байв. 1999 оны улсын баярт соёолон түрүүлж, хойтон жил нь хавчиг түрүүлсэн Борнуурын Надмидын Гончигдоржийн хүрэн азаргыг тухайн үеийн 10 сая төгрөгөөр худалдан авч шуугиулж байлаа. Монгол улсын алдарт уяач олонд “ам” хэмээн алдаршсан Д.Санжмятавын улсад айрагдсан хурдан алаг азарганы төл алаг гүү авч Агваан багшийн адууны хул азарганд өгч унаган зээрд үрээ гарсан. Энэ зээрд улсын бүсийн хоёр ч том наадамд айрагдсан юм.

Тод манлай уяач гэдэг эрхэм цолыг унаган голдуу адуугаараа авсан. Дорнод аймагт айрагдсан халиун морь л Сүхбаатар аймгийн Халзан сумын унаган адуу болов уу. Бүс, аймаг, сумдын наадмаас олон айраг түрүү авахдаа ихэвчлэн унаган адуугаараа авсан нь учиртай.  

Шинэ цагийн ивээн тэтгэгч

1991 оны улсын наадмыг ивээн тэтгэв. Улсын наадмын түрүү бөхөд 5000 төгрөгийн бай өгдөг байсныг 25000 төгрөг болгож өсгөв. Зуны гурван сард дээлээ гандтал наадаад халуун сав, эсгий байнд авдаг,  барилдаад мөн тиймэ бай мөрий авдаг байдал байсан. Ер нь бөх барилдах, морь уралдуулах нь үнэ цэнтэй ажил юм гэдэг сэдлийг нийтэд ойлгуулахад том алхам хийсэн. Монгол улсын Дархан аварга бөхчүүдэд түрүү бөхийн бай өгч эхэлсэн. Түүнээс хойш улсын наадмаар Дархан аварга бөхчүүд маань өдгөөг хүртэл идээ, идээний дээж багтсан төрийн наадмаар түрүү бөхийн шагналын хишигийн хүртэж байгаа. Мөн улсын наадмын түрүү моринд 800 төгрөгийн бай өгдөг байсныг 5000 төгрөг өгч эхний 60 моринд бай шагнал өгсөн. Жил бүрийн цагаан сарын баяраар оны тэргүүний найман бөх, тэргүүний уяачийг шалгаруулж шагнаж урамшуулж эхэлсэн. Үндэсний соёл уламжлалаа дэмжсэн энэхүү шагналууд нүдээ олсон сайхан ажил болжээ. Шинэ цагийн морь бөхийн ивээн тэтгэгч гэдэг гуншинг зүгээр ч нэг өгчихөөгүй юмаа...

Унаган адууны урам

2005 оны үед Төв аймагт болсон бооцоот уралдааны их насанд Улаан сайдын халтар халзан түрүүлж Н.Даш-Өлзийн буурал духт хээр аман хүзүүдэж багагүй бай шагнал авчээ. Ер тэр үед хаврын уралдаан олон ч болдог сайхан цаг даа. Унаган цагаан дэлт хонгор үрээ мөн хавар олон түрүүлж айрагдуулав. Тэр цагаас унаган адуугаараа уралдах урам орж бүс, аймаг, сумын наадмаас айраг түрүү алдахгүй авсан. 2006 онд Тамирын хурд наадамд зээрд үрээгээ айрагдаад ирсний намар Баян суманд Засаг төрийн зандан ширээ Шийтэрийн зээрд азарганы нэрэмжит уралдааны дараа цөөн хэдэн уяач өндөр бооцоотой цөөвтөр үрээ уралдууллаа. Энэ хэдэн үрээ барианы адагт тултал яг зэрэгцээд уралдав. Цагаан зурхай гишгэхэд Н.Даш-Өлзийн зээрд үрээ жаахан сугарч түрүүлэв. Ер хүн бүхний унаган адуу чангарсны дохио. Хавар болж гүү унагалахад гэртээ тогтож чаддаггүй хэмээн нэгэн ярилцлагадаа ч дурдсан нь бий.

Хурган, Хараацай, Аргамаг

Хэрэв уншигч та сонгомол ангилалын уралдаан үздэг бас мэддэг бол энэ гурван нэрийг сонсоод сэтгэл чинь сэргэж байгаа биз. Монголын хамгийн хурдан хүлгүүд яг л энэ ангилалд уралддаг нь мадаггүй үнэн юм. Домог гэмээр гурван адуу. Хурган хонгор гэдэг адуу Дүнжингаравт дараалан түрүүлсэн. Улсын баяр наадамд хоёр айрагдаж, Завхан нутгийн түүхт ойд бас түрүүлжээ. Сайхан ухаа хонгор азарга өвөл зунгүй сайн давхиж байлаа. Нийслэлийн магнай хүлэг шалгаруулах уралдаанд гурав айрагдсан од гээч хул азарганы үр,  англи зээрд халзан гүүний үр.

Аргамаг цавьдар гээч аатай хурдан адуу арай л эрт хөл муудсан шиг санагддаг. Монголын морин спорт уяачдын холбооны алтан азарга өргөмжлөлт Меломан хэмээх азарганы үр. Эх нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын аварга адуучин Лхагвын унаган шарга гүү.

Аргамаг цавьдар улсын наадамд нэг аман хүзүүдэж, Хамгийн хурдан ангилалд хоёр жил дараалж түрүүлсэн. Улсын бүсийн уралдаанд дөрөв түрүүлж, дөрөв аман хүзүүдсэн. Улсын бүсийн том уралдаанд зөвхөн түрүү аман хүзүүнд л хурдалж байсан домогт ажнай. Луу халтар, Хишигжаргалын цагаан, Ганбатын хар, Энхболдын хонгор, Ононгийн үзмэн, Ганболдын аянга бор, Чинзоригийн зээрд, төгс бор гээд монголын газар шороон дээр төрсөн адууны дээд хурдыг үзүүлдэг хүлгүүдтэй уралдаад ийм амжилт гаргасан гэхээр гайхалтай.

Агваан багшийн адууны эхтэй Хараацай гэж хурдан хүлэг мөн энэ хүний унаган адуу. Сонгомол ангилалд таван удаа айрагдсан. Ер нь нэгэн үе энэ гурван хурдан хүлэг сонгомол ангилалд хосоороо ч орж байсан удаатай. 2013 оны Завханы ойд сонгомол хоёр ангилалд түрүү авсан, 2015 оны Булганы бүсэд сонгомолын гурван ангилалд морь айрагдуулж, дээд дунд насанд нь түрүү авсан гээд гайхам амжилт олон билээ. Улс бүсийн том уралдааны 27 айрагны 23 нь сонгомол ангилалын айраг гэхээр хэр зиндааны хурдтай хүн бэ гэдэг нь ойлгогдоно.