Домог, хууч яриа

Б.Оросоогийн алаг азарга

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат монгол улсын алдарт уяач Банзрагчийн Оросоогийн алаг бол 1980-1990 оны домогт хурдан хүлэг билээ. Цагтаа воллейбол чамгүй тоглож явсан, хожим нь морин спортод чамгүй сайхан амжилт үзүүлж явсан Б.Оросоо хүлгийн дээд цолонд хүрч, Завхан нутгийнхаа хурдан хүлгийн номыг туурвиж уншигч түмэндээ хүргэсэн судлаач уяач юм. Түүний алаг азарга Завхан аймгийн баяр наадамд дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдэж, нэг айрагдсан гэдэг.

Алаг азаргаа авсан түүх ч сонин юм. 1980 оны зун гэнэ. Б.Оросоогийн эхнэр Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын албатай, ажлын шугамаар Москвагийн олимп үзэхээр яваад эзгүй гэнэ. Мань хүн адуучин Тонирваагийнд шатар тоглож суугаад танайхаас нэг адуу авъя гэжээ. Нүд чинь хардаг юм бол өөрөө шинжээд ав гэж байлаа. Хоршоо адуу малладаг, айраг исгэж байсан айл бөгөөд зэлтэй унаганы хамгийн урд үзүүрийн даахьтай хээр алаг унагыг авахаар хэлбэл "Энэ олноос товир сайхнаас нь авдаггүй. Хамгийн жижгийг нь гэж байдаг чин мөн сонин хүн ээ" гэж байх юм гэнэ. Даага шүдлэнд нь түүний ах Найдан уялаа. Дааганд нь алдаад, шүдлэндээ доголоод олигтой уягдсангүй. 

Хязаалан болох жилийн өвөл Алагийн дөрөлжид Баагууз хэмээх айлд байна гэсэн сураг гарчээ. Баагууз ч зарвал авахаар санаатай байгаагаа хүнээр хэлүүлсэн байв. Нутгийн улс ч "Баагууз сайн уядаг хүн, чиний алгийг хурдан гэж мэдээд тэгж байгаа байх. Дөмөгхөн үнэ хэл" гээд байлаа. Хариу ч ирсэнгүй. Харин хавар нь Цэцэн-Уул суманд ажлаар явж байгаад Яруугийн гол дээр Баагуузынд бууж алаг үрээний тухай яриа болоход "Чиний алаг үрээг тийм өндөр үнээр бол авахгүй, харин номхон юм хүүхэд унуулах л санаатай..." гэж байв. Б.Оросоо ч дотроо давхих янзгүй адуу юм гэсэн шүү бодож "За даа тэгвэл бүдүүн сайн морь өг, эсвэл та эндээс явах хүнээр хөтлүүлээд явуулчихаарай" гэж захиад үлдээжээ. Хязаалан жилээ уягдаж Завхан аймгийн баярт 19-өөр хурдалсан юм. Ер нь Завхан аймгийн Алдархаан бол аймгийн төвдөө ойр олон жил давуутай сайн наадсан, бөхөөр ч мориор ч давамгайлдаг хурдтай ч бөхтэй ч газар билээ. 

Соёолон жил нь сунгаанд давгүй байжээ. Гэтэл аймгийн баяр наадмын азарга, соёолон хамт уралдах болсон байна. Өөрөөр хэлбэл эхний тав дан соёолон байвал зургаад ирсэн азарга түрүү баригдахаар нэг уралдаанаас хоёр бариа барих зохион байгуулалттай байлаа. Банзрагчийн Оросоо алаг үрээгээ азарганд ч, соёолонд ч бүртгүүлж орхив. Аль нэгд нь бат айрагтай бодсон хэрэг. Морь эргэхэд хамгийн сүүлд үлдэж, араас туулсаар Уртын амны үзүүр өгсөхөд 11 дээр гарч иржээ. Хожмын улсын алдарт ч дотроо эхний 10 адуун дотор таван азарга, таван соёолон л байхгүй бол бат аль нэгд нь айрагдана даа гэж мотоцикльтой дагаж харсан байна. Алаг үрээгээ 11-т оруулаад морь барьсан байдлыг үзвэл яалтгүй өмнө нь таван азарга, таван соёолон орсон болж таарлаа. Аль ч насанд нь зургаалах хэмжээний амжилт үзүүлжээ. Хавчиг соёолон насанд нь мөн л азарга, соёолон хольж уралдуулсан байна. Энэ удаа алаг азаргаа хамгийн сүүлд үлдсэн болов уу гэж хартал эргэсэн морьдын сүүлээр байхгүй гайхахад хүргэжээ. Гэтэл хамгийн эхэнд хол тасархай хөтөлж эзнийхээ сэтгэлийг баясгаж Завхан аймгийнхаа баяр наадамд хавчиг насандаа анх удаа түрүүлсэн юм. Энэ түрүүнээс хойш алгийн давхил өөрчлөгсдөн үү, алдарт уяачийн арга нарийссан уу. Гараагаар зугтааж уралдах болсон байна. Энэ цагаас хойш дахин гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэж, долоон удаа эзнээ Завханы цэнгэлдэхийг тойруулж, монгол улсын алдарт уяач гэдэг эрхэм цолд хүргэсэн хүлэг билээ.