Домог, хууч яриа

Цэгмидийн Доржбал

Завхан аймгийн баяр наадмын цуваанд Цагаанхайрханы Доржбал гэж нэр нэлээд тохиолддог. Энэ хүн бол үндэсний бөхийн өсвөр үеийн улсын хошой мөнгөн медальт цэргийн арслан Баттогтохын аав юм. 1967 оны Завхан аймгийн баяр наадамд хурдан хүрэн соёолон түрүүлсэн. Тэр намраа Отгон сумын нэгдлийн 10 жилийн ойд явж уралдаад хүрэн соёолон нь түрүүлж, Цагаанхайрханы Хумбуудайн хээр морь их насанд түрүүлж, Баянхонгорын Баянбулагаас ирсэн хээр морь аман хүзүүдэж, шооногой хэмээх Авирмэдийн хээр морь гуравт давхиж байжээ. Ер нь энэ үед Цагаанхайрхан сум хурдтай, энэ гурван уяач түүчээ бол аймгийн баярыг зорин нааддаг, айраг түрүү авдаг байлаа.

Их насны хээр морь нь суманхаа баяр наадамд тав түрүүлсэн сайн уяач юм. Түүний хурдан хээр морь Цагаанхайрханы Баянбулаг бригадын унаган морь. 1971-1975 онуудад дараалан түрүүлсэн. Эхний дөрвөн түрүүг нь цэргийн арслан унаж түрүүлж байлаа. 1971 онд сумынхаа баяр наадамд хээр их нас, хээр шүдлэн, хээр даага түрүүлж байсан нь баримтаар байдаг. 

1975 оны Социализмын төлөө нэгдлийн 20 жилийн ойд хээр их нас, хүрэн халзан соёолон, хязаалан цавьдар үрээ, шар хээр даага нь түрүүлж байсан.  Тэр намраа Тайшир сумын нэгдлийн ойд очиж хүрэн халзан соёолон нь тавд хурдалж, хээр их нас нь айргийн араар оржээ. Цавьдар хязаалан нь сүүлд сайн их морь бол Завхан аймгийн баяр наадамд хоёр удаа айрагдсан. Нийлэх насандаа ирж аймагтаа уралдаад наймд хурдалж, Ө.Тэрбишийн хамар цагаан хар, Түдэвийн хэлтэн зэрэг сайн морьдын үед хоёр айрагдсан юм. 1981 оны Завхан аймгийн наадмын өмнө Алдархааны ой болж Дөрвөлжингийн Лүндээгийн борлог, Алдархааны Тэрбишийн хамар цагаан хар, Цагаанхайрханы Доржбалын цавьдар гэдэг гурван морь дараагаараа ирж, хэдхэн хоногийн ард аймгийн баярт дахин гурвуулаа цоллуулж байв.

Доржбал гуайг сумандаа анх моринд нэмнээ татсан хүн хэмээдэг. Морины ажилд нэмнээ ямар үүрэгтэйг эртхэн ойлгож байсан хүн. Хуучны морины ном судар үзэж уяанд ашигладаг, 1976 оны Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн хорин жилийн ойн өмнө цавьдар соёолонгоо, аймагт түрүүлсэн Магсарын буурал үрээтэй сунгахад ер нь дийлэмгүй байжээ. Дунд нь хөлсөлж, үрээгээ засаад Цагаанчулуутад түрүүлгэж, Магсарын буурал аман хүзүүдэж байсан байна. Энэ цавьдар үрээ сүүлд аймагтаа хоёр айрагдсан цавьдар морь юм. 

Аймгийн баяр наадмын нэг түрүү, хоёр айрагтай. Сум нэгдлийн ойн арав гаруй түрүүтэй энэ хүн аймгийн алдарт гээч цолыг авбал авахаар хүний нэг байлаа. 

1967 оны Завхан аймгийн баяр наадамд түрүүлсэн хүрэн үрээний үнэмлэх