Домог, хууч яриа

Манлай уяач Д.Гарамжав

Тэрбээр 1940 онд Төв аймгийн баян сумын шар Чоймбол гэдэг хүний морийг унаж байлаа. Гэтэл даага унаад өгөх хүүхэд байна уу гэсээр нэг хүн ирэв. Чоймбол: "Манайд нэг сайн хүүхэд бий. Өөрөө унана гэвэл унана ,унахгүй гэвэл үгүй байх, та өөрөө уулз" гэжээ. Гарамжав хүү даагыг нь үзэж байгаад унаж өгөхөөр болов. Нөгөө өвгөн энэ чинь морь таньдаг гайхал эр байна. Наад даага чинь цэргийн наадамд түрүүлсэн юм шүү гэж байв. Хул даага ганцаараа хол түрүүлж ирэхэд уяач өвгөн амдаж ирэн "Хүү минь тат. Аман хүзүүдүүлэх гэж байгаа юм" гэснээр аман хүзүүдүүлээд Бага хурлын дарга Бумцэнд гэж ширвээ сахалтай настайвтар том даргаас 25 төгрөг, домбон ёотон, хэдэн метр цууямбуу гардан авч байжээ.

Түүнээс хойш удалгүй залуу уяачийн алдаж оносон замнал эхлэв. Нутгийн өвгөн Лувсанчойндон гэж томоотой сайн уяач нэгэн байв. Морь уях, таних эрдмийг тэр хүнээс л авч үлджээ. 1960 онд нэгдпийн нэг их сүүтэй гүүний саарал даага сургасан нь тун хурдан байв. Хан уулынхаа ард, олон хурдтай хүч үзэхээр ачаалаад хөдлөх гэж байтал айрагны машин давхин ирж жолооч нь “чамайг нэгдлийн дарга Пүрэвсүрэн битгий яв гэж байна” гэлээ. Гарамжав уурлаж "Битгий дэмийрч солиор, нэгдлийн нэг адууг улсын наадамд яагаад түрүүлгэж болдоггүй юм бэ? гэж байна гэж тэр даргадаа хэл" гэв. Тэгээд явахдаа эхнэр минь араажав (радиогоо) сайн чагнаж байгаарай. Монгол улс даяар дуулдах байлгүй гээд л мордлоо. Наадмын өдөр даагаа мордуулчихаад холхон түрүүлэх байх гэж бодоод цагаан хоолой чагнаад байтал бор даага түрүүлээд байна гээд байдаг. Дугаарыг нь хэлдэггуй. Тэгтэл 91 дугаартай гэж байна. Ингэж улсын наадмаас анхны түрүүг авлаа. Нэгэн цагт "Та нар миний даагыг шар нохойтойгоо хөөгөөд ч гүйцэхгүй" гэж байсан омгорхол биелэв. Тэр наадамд бас нэг даага нь дөрөвт орж, шүдлэн түрүүлж, хамт явсан Лувсанчоймболын гурван нас аман хүзүүдэж, нэг уяаны зургаан адуу айраг түрүү авч, ёстой сайхан наадав.

Уяачид Гарамжав амны билэгтэй гэлцэнэ. Тэр жил анчин Мягмарын хээр үрээг уяж өгч байлаа. Наадмын урьд орой жаахан эвгүй давхил хийчихсэн тул больдог ч юм уу гэж байтал алдарт уяач Гал хүрч ирээд “гэмгүй ээ явуулчих” гэв. Хүмүүс хязаалангаа эмээллээд гаргаж байна. Гарамжав хээр үрээгээ мордуулах гэж байтал морины эзэн Мягмар хүрч ирээд "Дээрээ шүдтэй үхэр минь, наадхыг чинь яаж давхиулах юм бэ" гэж уурлав. Гарамжав “үхэр үгүй хоёроо өөрт чинь нэг харуулнаа яахав” гээд зориуд олон хүний дэргэд очоод "За Мягмар гуай өнөөдөр таны хээр үрээ түрүүлнэ. Халх хүн бол нэг юм хэлэхсэн. Хасаг дөрвөдийн ёсыг би мэдэхгүй юм байна (Мягмар дөрвөд хүн байсан) ямар ч гэсэн амаа ангайгаад, хормойгоо дэвсээд, баруун хойшоо хараад залбирч бай" гэж хэллээ. Хээр хязаалан нэг км хэртэй хол түрүүлээд ирэв. Хүрээд очихноо Мягмар хөлсийг нь хусах гэж байж өшиглүүлчихсэн, баахан үнэтэй чихэр хормойлчихсон, хүн бүхэнд тараагаад зогсож байжээ. Түүний хойтон жил 1983 онд Ардын хувьсгалын 63 жилийн ойн наадамд Төв аймгийн 60 жилийн ойтой давхацсан тул азарганы уралдаан Төв аймагт болсон юм. Тэр наадамд тогоруу халтар азаргаа түрүүлгэж байв.

Бас нэг ийм яриа байдаг. 1974 онд Хэрлэнбаян-Улаанд Хэнтий, Төв аймгийн олон айл өвөлжиж байв. Цагаан сарын дараахан Хөшөөт гэдэг газар хурдан морь уралдах болжээ. Тэгсэн хүмүүс "Энэ залуу усан хээл таньдаг юм. Түрүүлэх адууг энэ хүн л хэлэх байх" гээд шивэр авир гэлцэж байх. Дал гаран морь морджээ. Тэгэхэд Гарамжав наргиа гарган “Та нарт түрүүлэх морийг чинь зааж өгье. Тэр хүрэн морь түрүүлнэ. Миний энэ зээрд морь дөрөвт орно. Одоо бичиж байгаа юм бол бай шагналаа авъя" гэжээ. Морьд ирэхэд нөгөө хүрэн морь түрүүлж зээрд морь нь дөрөвт ирэхэд морь мэддэг залуу юм гээд л наадамчид ярилцаж байв. Энэ тухай лавлахад залуугийн явдал тийм ааг омогтой хийморьтой байдаг юм даа. Алтан тууртын буянгаар нэрд гарч олон хүнтэй танил боллоо гэж байсан юм.

Наадмын өдрүүд эр хүний олон сонин содон дурдатгалыг өнө мөнхөд авч үлддэг. Д.Гарамжав нэгэн насыг хурдан морьтой болохын төлөө зориулж зорьсны эцэст Гарамжавын гэх адууны угшил гаргаж авав. Ингэснээр алдар гавьяат уяачийн эрхэм үүргийг биелүүлэв. Гарамжавын өсгий цагаан хар гэдэг хурдан азарга шүдлэндээ улсад түрүүлээд 1990 оны 8 сард Монголын нууц товчооны 750 жилийн ой Хэрлэнгийн хөдөө аралд болоход аман хүзүүдэж байв. Тэгэхэд Сэргэлэн сумын уяач Д.Онон, Р.Ганхуяг нар тэр наадамд очиж байлаа. Наадмын өмнөх их сунгаанд Онон хурдан зээрд халзан мориныхоо дүү халзан үрээг хөтөлж очсон байв. Шүдлэн мордуулахад Гарамжав Ононд "Чиний наад халзан үрээ чинь аятайхан давхилтай үрээ байна. Миний өсгий цагаан хар үрээтэй битгий уралдуулаарай. Чиний үрээний давхилыг сулруулна" гэж хэлэв. Тэр сунгаанд өсгий цагаан хар ганцаараа тасархай хол түрүүлж гарав. Араас нь Ононгийн халзан үрээ нэхэж гарлаа. Онон халзан үрээний хүүхдийг шавдуулахад халзан үрээ хар үрээн дээр хоёр дахин очоод хадуурсан юм. Түүнээс хойш энэ халзан үрээ хадуурдаг болсон гэдэг.

Гарамжавын хар азарга Төв аймгийн 70 жилийн ойд хязаалан түрүүлж, соёолондоо улсын наадамд дутуу эргэлтэнд түрүүлж, хавчиг соёолондоо айрагдаж, долоон настай 1994 оны наадамд аман хүзүүдэж, найман настай мөн дутуу эргэлтэнд аман хүзүүдсэн юм. Улсын наадамд морьд эргэхдээ будилдаг муу зуршлын уршгаар түүний гурван айраг түүхийн хуудаснаас арчигдав. Тэр жил Гарамжав хагалгаа хийлгээд тэнхрээгүй бие нь чилээрхүү байв. Азарга давхисны маргааш шүдлэн мордуулж байхад Гарамжав уяан дээрээ хүнээр түшүүлчихсэн машинаас бууж иржээ. Тэгээд ач хүүдээ “өнөөдөр миний хүүгийн халтар үрээ түрүүлнэ. Миний хүү зүгээр явуучихаарай" гэж захижээ.Тэр наадамд халтар үрээ түрүүлэв. Ийм бардам сайхан давхих хурдан адууны угшил гаргаж авахын тулд олон газраас гүү азарга олныг авчээ. Тэдний адуу Даваанэрэн начингийн хүрэн халзан, дулаан Дамдинжавын хонгор, Лувсанчойндонгийн хонгор зэрэг хурдан азаргануудын удамтай адуу юм. Энэ адуун дээр Дундговийн Цагаан -Овоогийн Содномпилын хүрэн, Хэнтийн Галшарын Донойн Цэгмидийн хээр, Сүхбаатарын Баянмөнхийн Хундагын Чүлтэмийн хээр, Төв аймгийн Баянцагааны Дамдинсүрэнгийн хар азаргануудыг авч Хэнтийн Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Уулбаян, Мөнххаан, Халзан, Дорноговь, Дундговиос угшил сайтай олон гүү авч нийлүүлсэн юм. Үүний үр дүн одоо мэдрэгдэж эхэлж байна. Гарамжав нэг сайн азарга бий болоход түүнд таарах гүү шилж шинжиж олж ирдэг байв. Тэрбээр Дундговийн Цагаандэлгэрийн Нэрэнжимээгийн хүргэн Дашдоогоос нэгэн хар ногоон гүү авчээ. Түүнийгээ морин тойруулгын тогоруу халтар гэдэг азарганд хураалгав. Хавар цаг ирж нөгөө ногоон гүү хэзээ мөдгүй унагалах болчихоод байлаа. Энэ хоёрын дундаас нисдэг шахуу адуу гарна гэж бодохоос нойр нь хүрэхийг болив. Цай ууж суусан ч одоо ер юу болж байгаа гэх бодол салахгуй. Унага нь эндэх вий гэхдээ гүүгээ гаднаа авчирч чөдөрлөөд нэг хэсэг харна. Адуунд нь тавиад байн байн эргэж тойрч үзнэ. Ийн байсаар нэг өглөө үүрээр адуун дээрээ давхиж очтол дөнгөж гарсан хар унага эхийгээ тойрон явж байна. Гарамжав мориноосоо буун харайж явган хөөцөлдөж байж барьж аваад салтаанд нь гараа хийгээд үзтэл бөөсгий тэмтрэгдлээ. Бөөн баяр. Мундаг адуутай боллоо гэж бодохоос халуун нулимс нь урсч, үгүй мөн аварга амьтнаа гэж нялх унагаа өхөөрдөн суужээ. Энэ бол баярын нулимс юм.

Бас нэгэн удаа Яармагийн дэнжид майхнаа зоочихсон байлаа. Тэр жил бороо хур элбэгтэй наадам болов. Тэгэхэд халтар азарга нь нэлээд хүч нимгэнтэй байлаа. Бороонд норсон азарга нь эвхийгээд наадамд айрагдахгүй маягтай байхад нь азаргандаа гомдоод нулимс дусааж байв. Ингэж явж Гарамжавынх хэмээх угшлыг бий болгосон юм. Тэр хурдан морины тухай ингэж ярьдаг. Хурдан морь эзнээ эрнэ гэдэг юм. Хичнээн бэлтэй байгаад хурдан адуу авч хурдлуулах гээд нэмэргүй. Адуу хүний хийморь дагадаг амьтан юм. Уяач хүн ер нь нэг сайхан адуу авчих хэрэгтэй байдаг. Бэлгэ дэмбэрэл алив болох болохгүй юмыг бодолцож сайн сайхан үг өөртөө ч нөхөртөө ч хэлж байх хэрэгтэй.

Хурдан адуу гэдэг гэдэс, арьс үс, хүзүү багалзуур, сүүл сэрвээ, зогсолтоос эхлээд арай ондоо. Чухам шинж нь таарсан морь гэж байхгүй. Дөрөв таван шинж таарсан байхад таараагүй олон шинж байдаг. Сүвээний хавирганы зай ойрхон, уруул нь, доод уруул нь унжуу бол сайн байдаг. Санаа дагадаг ч биз. Энэ хурдан гээд авахад хурдалж л байдаг байлаа. Ер нь Гарамжав давхар уяандаа илүү сайн байсан гэдэг. Хол газрын сайн уяачид улсын наадамд ирж уралдаж чадахгүй байна. Тэрнээс аль сайн уяачыг хэлж барах вэ. Манай энэ хавийн сүүлийн үеийн уяачдаас Д.Онон, Р.Ганхуяг нарыг сайн уяач болно гэдэг байв. Түүний шавь нараас Аюуш, Алтангадас түүний том хүү Сандуйжав нар улсын наадамд одтой сайхан наадаж байна.

Ш.Ганхуяг "Уяачийн нууц товчоон" номноос