Гүнгийн саарал азарга
Няхвангийн Гүнрэг Завхан аймгийн Тэс сумын хүн. Асгат сумын аж ахуйн газрын жолооч байсан. Баруун монголын нэгэн цуутай хурдан азаргыг уяж уралдуулж байсан хүн дээ.
1987 онд Тэс сумын уяач Мижидээс хар голтой хул гүү Асгатын жааван хэмээх Лхагваа худалдаж авчээ. Энэ гүүг Баянтэсийн Бужирын унаган азарганд тавьж гарсан бүхэн нь хурдалсан. 1988 онд анх гарсан саарал даага 1989 оны Тэс сумын баярт айрагдсан. Удаах төл Лхагваагийн хээр хязаалан 1993 оны Завхан аймгийн 70 жилийн ойд айрагдсан. Энэ хээр Энхтайваны хээр гэдэг морь болсон. Даага шүдлэн сумандаа түрүүлээд, 1995 оны Сар хайрханы даншигт зургаалсан. Сүүлд эднийхэн Орхон аймаг руу нүүж, 1998 оны Булган аймгийн 70 жилийн ойд их морь тавлаж байсан.
Энэ хээрийн дүү саарлыг 1993 онд шүдлэн үрээ байхад нь Н.Гүнрэг худалдан авчээ. 1994 онд Асгат сумын 10 жилийн ойд хязаалан үрээ анх уяж тавд хурлуулаад арван жил гоц хурдалсан өмөө нээжээ. Эцэг эх салаагүй ийм гурван хурдан адуу гарсан. Дараа дахин нэг цавьдар адуу гарч хурдалсан. Энэ адуунуудын дээд өвөг Мижидийн адууны удамтай Ганбаярын хээр гэж азарга сүүлд Завханд түрүүлж байсан юм.
Гүнгийн саарал хязааландаа Баянтэсийн ойд дөрөвт давхиад соёолон өнжсөн. Хавчиг Асгатад түрүүлээд Баянхайрханд айрагдсан. 1997 онд Баянтэсэд хоёр бэсрэг наадамд айрагдаад, Баянтэсийн сургуулийн ойд аман хүзүүджээ. 1998 онд азарганд бариулаад уяж болоогүй. 1999 онд Цэцэрлэг суманд дөрөвт, Асгатад түрүүлж, Баянхайрханд гуравт, Тэс сумын 40 жилийн ойд тэр цагийн хавийн сумдад дархалж байсан Д.Базаррагчаагийн халтрыг дийлж түрүүлсэн. Халтар ер нь будлианд ганц нэг хасагдснаас адуутай уралдаад өмнөө юм гаргаж үзээгүй цаг нь юм. Дөрвөн хөлтэй мал дөхөж очихооргүй хурдан байлаа. Ийм л адууг нэг дийлсэн билээ. 2000 онд Тэс сумын сургуулийн 40 жилд нь Д.Базаррагчаагийн халтар түрүүлж, Гүнгийн саарал аман хүзүүджээ. Асгат сумандаа түрүүлэв. Тэсийн даншигт айрагдаж аргагүй том довны адуу гэдгээ нотолсон. 2001 онд Их хурд уралдаанд Нагааранзын халзан морины хамт явж уралдаад газар газрын хурдан азаргануудтай 29-д хурдалсан нь орон нутгаас ирсэн адууны хувьд онцгой амжилт билээ. Тэр намраа Сонгино сумын Олон түрүүд болсон уралдаанд Пүрэвхүүгийн цагаан тавагт гэж Идэрт түрүүлсэн азарга, Намсрайхүүгийн хулгар гэж Тэлмэнд түрүүлсэн хоёр азаргатай уралдаж аман хүзүүдэж байсан юм. Түүний дараа Ш.Батсамбуу худалдаж авна хэмээн Нагааранзын халзан морьтой хамт авч явсан. Харин авч яваад уралдуулж чадалгүй алдсан гэдэг бөгөөд үнэ өртгийн хувьд ч эзэн уяач тийм сэтгэл өндөргүй үлдсэн юм. Ид уралдах 11 настай азарга авч явсан нь тэр юм.