Шөнх буюу Ц.Дашдондовын яриа
Алдарт хурдан халиун морины эзэн Завхан аймгийн Асгат сумын харьяат Ц.Дашдондовын яриа. Халиун морь дааганаасаа 21 нас хүртлээ уралдсан. Нэг жил 7 уралдаад 7 түрүүлж байсан ч тохиолдол бий гэдэг. Жил бүр зургаагаас долоо уралддаг, айргаас мултарч үзээгүй гэхээр 100 айрагдсан байхаа гэж эзэн уяач ярьжээ.
1984 онд Асгат суманд төрсөн унага. Асгат сум үүсэн байгуулагдаад хийсэн анхны наадамд даага түрүүлж 20 жилийн ойд нь 21 настайдаа айрагдаад зодог тайлжээ. Эр хүний амьдралд хорин жил хань болсон баруун монголын нэгэн цуут хүлэг байж дээ. Ц.Дашдондов Нөмрөг сумын Рашаан амралт дээр ажиллаж байх үедээ хээр соёолон тус сумын баярт түрүүлгэж байсан. Баянхайрханаас цоллуулсан наадам ч бий. Өдгөө Завхан аймгийн Идэр суманд амьдарч байна.