Домог, хууч яриа

Манлай уяач С.Гийнаагийн яриа

 

Аав Сэрээтэрийн бий болгосон хар буурал голдуу адуу сайн адуу юм. Түүн дээр хээрийн бэлчээрээс олсон эр цоохор унагаар хожим азарга тависанд манай адуу сэргэсэн. Цоохор азарганы олон хурдан төл гарсан. Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Доёд гуайг дагаж хэдэн жил морь уяхдаа өнчин цоохор азарганы төл дошгин цоохор морио 1972 оны улсын наадамд айрагдуулсан.

Өөрийн адуун дээрээ Сүхбаатар аймгийн Бүрэнцогтоос саарал халзан азарга, өнчин цоохор азарга, Дундговь аймгийн Дэрэн сумын торгон Товуугийн хул, Төв аймгийн Алтанбулаг сумын Луузайн хурдан хул азарганы төл Лувсандоржийн хул азарга зэрэг хурдан азарганууд авч тавьсан. Лувсандоржийн хул азарганд дээрхи азаргануудын төл гүүнүүдийг хураалгасанд адуу ихэд сэргэж улсын наадамд нэг жилд бага насанд гурван адуу айрагдаж байлаа. Хул азарганы төл хурдан хул үрээгээр азарга тавьсан. Түүний төл саарал үрээ Төв аймгийн наадамд хязаалан соёолондоо айрагдаад байна. Энэ бол Луузайн хулын 5 дахь үеийн азарга юм. Сүүлийн үед унаган гүүнүүд дээрээ Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Цэдэнгийн гуулин хонгор азарганы төл хүрэн азарга, сааргай Банзрагчийн хонгор азарганы эхтэй, тогоруу халтарын угшлын эцэгтэй зэгэл хонгор азаргануудыг тавиад байна. Банзрагчийн хонгор халзан азарга бол Төв аймгийн Баянцогт сумын улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл азарганы төл юм. Одоо Баярцэнгэл, Батсайхан зэрэг хөвгүүд минь морь уяж хурдан хурц адуу цуглуулж байна. Баярцэнгэл Сүхбаатар гаралтай, Батсайхан тойруулга гаралтай азаргатай боллоо.

Би алдарт уяач Доёд гуайг дагаж гурван жил морь уясан. Харин тэр хүнээс их бага юм авч үлджээ. 1957 оны улсын наадамд соёолон хар морио аман хүзүүдүүлсэн. Би тэрнийг надаас болж аман хүзүүдсэн гэж боддог. Хар морь дунд сунгаанд түрүүлж их сунгаанд аман хүзүүлэв. Тэр орой Доёд гуай хар морио дөрвөн туурайг нь халз хөлслөөд ир гэв. Би арай хэтрэх байх гээд дутуухан авчихлаа. Би түүнээс болоод аман хүзүүлсэн байх гэж боддог. Бас улсын наадамд унаган хээр морио түрүүлэхэд аавынхаа нэр дээр цоллуулаад зогсож байхад хүний хүү болж төрсний хэргээ бүтээж байх шиг санагдаж байж билээ.