Цээсүрэнгийн хүрэн морь
Чимэддоржийн Цээсүрэн Эрдэнэхайрханы анхны алдарт уяачдын нэг. 2007 онд өөрийн сумын уяачдаас дөрөвдүгээрт буюу хүрэн морио ид хурдан байхад алдарт уяач цол хүртсэн. Сартуул чигийн сайн уяач хүн. Дөрвөлжингийн Гаашингийн хонгор гэж морь хэд хэдэн эзэн дамжиж дөрвөн удаа 7-д хурдлаад байлаа. Энэ морийг 10 гүү, 3 морь, хоёр үрээ нийлсэн 15 адуугаар худалдаж аваад 2001 онд сумандаа зургаад давхиулаад, Завхан аймгийн баяр наадамд гуравт хурдлуулсан. Дараа жил нь аймагтаа зургаад оруулсан. Хонгор морь сум орон нутгийн жижиг наадамд арав гаруй айрагдуулсан. Хүрэн морио дааган цагаас нь Завханд хоёр түрүүлгэж, хоёр айрагдуулсан. Өөрийн улаан азарганы үр хэнз бор даага айрагдуулж, сумандаа аман хүзүүдүүлж, овооны баярт хоёр түрүүлсэн.
Түмэн эх хүрэн морь уг нь хүү Ц.Авирмэдийн нэрний адуу юм. Түүний эх хөгшин гүү энэ хүний нэрний адуу. Энэ хүрэн морины эх гүүнээс найман эр, нэг охин адуу гарч. Эр бүгд нь их бага наадамд айрагдаж, нэг гүүнийх нь үр төлөөс одоо ч хурдалсаар байгаа. Ч.Цээсүрэнгийн дээд удамд Ходгой тайж гэж байжээ. Түүний хүү нь Мөнх-Очир тойн. Эдний адуу Цэцэн Сартуул адууны угшил юм даа. 1959 онд нэгэлд адуугаа өгөөд нийгэмчилсэн. Социализмын үед хувийн малын тоог улсаас хатуу тогтоож байлаа. Цээсүрэнгийн аав Чимэддорж нэг айлд хүрэн гүү, нөгөө айлд улаан гүү гэх мэтээр удамтай сайн хэдэн адуугаа арай ч үрчихгүй хүний нэр дээр тоолуулж тэр цагийг туулж гарсан юм. Тэднийгээ цуглуулж аваад, хувьчлалын хэдэн адуугаа авч, өвөг дээдсийн угшлийн адуу хаана байна түүнийг олж сонгон адуугаа бөөгнүүлсэн. Хадмын талаас ч адуу ирсэн. Улаан азарга авч тавьсан. Хүрэн гүү, улаан азарга хоёрын дундаас л түмэн эх хүрэн морь гарчээ.
Даагандаа Завханмандалын залуучуудын наадамд аман хүзүүдээд, Завханмандалын 80 жилийн ойд түрүүлсэн. Энэ баярт барьж үлдээд араас нь тавихад гүйцэж түрүүлж байсан хэмээдэг. Залгаад Завхан аймгийн 80 жилийн ой баруун бүсийн даншигт түрүү магнай болсон. Архангайн ойд түрүүлсэн улсын алдарт Л.Алтангэрэлийн бор халтар даага аман хүзүүдэж байлаа.
Шүдлэнд нь Ч.Цээсүрэн хөлөө гэмтээж хүү Ц.Авирмэд уяж Яруу сумын 80 жилийн ойд аман хүзүүдэж, Эрдэнэхайрханы ойд түрүүлсэн. Цагдаагийн ойд түрүүлсэн.
Хязаалан аймагтаа аман хүзүүдээд, Ялгуусан хутагтын наадамд гуравт, Соёлын тэргүүний ажилтан дуучин Баяр-Эрдэнийн наадамд Хар нуурын дэнжид түрүүлсэн. Соёолон Завханы анхны хаврын бүсийн уралдаанд Хүрэн хөндийд болоход түрүүлээд, аймагтаа түрүүлсэн. Зургаан настай морь өнжөөд, долоотой 2008 онд аймагтаа тавд хурдалсан. 13 алтан медаль, хэдэн мөнгө, нэг хүрэлтэй гэнэ. Нийт их бага наадмын 30 медальтай.
Хүрэн морь давхар уяандаа тэнцэж хурд нь гардаг. Холд туушхан унахад урамтай. Шингэн дэл сүүлтэй. Сайхан хатирна, номхон. Эцэг нь эдний өвгөний улаан бор азарга, эх нь Хайрхан худагийн унаган хашин цэгээн гүү.
2003 оны Завханы том ойд Г.Сандуйжав, Э.Гүр-Аранз, Ч.Улаан, Н.Даш-Өлзий, С.Ганхуяг, Л.Алтангэрэл, Б.Содномцог, Э.Ганбат гээд тухайн цагийн сайчууд цуглаж тун ч өтгөн наадам болжээ. Архангайн том ойд уралдсан олон сайн даага ирсэн ч нутаг унаган адуу Ч.Цээсүрэнгийн босоо хүрэнг дийлээгүй юм.
Хүрэн морь 2014 оны намар ижилдээ байж байгаад эндсэн. Сайн адуу ойчих нь саадыг ч хаадаг л гэдэг дээ...Ч.Цээсүрэн уяач харин хүрэн мориноосоо хойш төдий л морь уяагүй гэдэг ээ.