Гомбын Туяагийн нүдэн хээр морь
Завхан аймгийн Шилүүстэй сумын уяачид газрын ойроор Говь-Алтай аймаг руу явж наадах нь их байдаг. 1996 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд Гомбын Туяагийн нүдэн хээр их нас, Цэдэн-Ишийн Эрдэнэцогтын хээр соёолонгууд очиж уралдаж түрүүлжээ.
Г.Туяагийн нүдэн хэмээх хээр морины ах нь багадаа завсаргүй түрүүлсэн сайн хүрэн морь байсан. Хурдан хээр морийг унага байхад нь Отгоны Ваанчиг гэж хүн үзээд “Зэлний эхэнд байгаа хээр унагаа ахдаа өгчих, 1000 цаас бэлэн тоолж өгье” гэж байжээ. Ах нь сайн байгаа юм зарахгүй гэж учир байдлаа хэлж явуулсан. Жилийн дараа адуу хашчхаад дэллэж байтал азарга адууны мундаан дээрээс хазахаар чулуу аваад шидтэл дор нь байсан хээр дааганы нүдийг онож цайсан байна. Ингэж нэг талын нүд нь жаахан муудсан. Арай ч сохроогүй боловч цавчаа болж ид хурдлах үед нь түмэн олноос “нүдэн” хэмээх нэрийг өгчээ. Нүд муутай талаасаа хулгаад байдаг зан суусан ч хурд нь саараагүй юм. Шилүүстэйн домогт хурд Д.Мягмарсүрэнгийн харлагтай чацуу морь бөгөөд ид хурдан байхдаа Сар хайрханы даншигт явах гэсэн боловч Завхан гол үерлээд яваагүй гэдэг билээ.
1996 онд Говь-Алтай аймаг, Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж давхар баяр хийсэн. Их морь энд хоёр уралдаж нүдэн хээр хоёр түрүүлсэн хэмээдэг. Багадаа айраг түрүү алдаагүй нүдэн хээрийг Говь-Алтайн Халиун сумын Олон булагийн Дондов гэдэг хүнд зарсан. 1997 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд хээр морь гуравт хурдлаад, Анхны их хурдад уралданд урилгаар очиж уралдаж байлаа.
1998 онд Гомбын Туяагийн зээ дүү Шилүүстэй сумын уяач Даваагийн Доржготовын хээр хязаалан Говь-Алтай аймгийн баярт түрүүлсэн. Гомбын Туяагийн унаган адуу, зээ дүүдээ өгсөн морь ажээ.