Домог, хууч яриа

Бат-Очирын Энхболдын булган хонгор

 

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат монгол улсын тод манлай уяач Бат-Очирын Энхболд бол азарга их насны морьдын амжилтаар морин спорт уяачдын холбооны дээд цолд хүрсэн хүн билээ.

Төрийн түмэн эх Дүүгүүр саарал, аман хүзүү егүзэр хээр, хонгор азарга, хүрэн их нас, гиннест айрагддаг бор морь, сонгомол дээдийн булган хонгорын айраг түрүү нийлээд 16 байдаг нь тэр бүр уяачид байдаггүй аварга амжилт болно. Хуулиндаа 20 айраг түрүүний 10-аас дээш нь дээд нас байна гэсэн заалт байдаг. Завхан нутгийн хүү харин дөрвөн бага адуу, 16 дээд насны амжилтаар тод манлай уяач цолыг 2019 онд хүртэж байсан байсан юм.

Энэ бүхэн дундаас сонгож Сонгомол дээд насанд нэг түрүүлж, дөрөв айрагдан, мөн тооны айргийн араар хурдалсан булган хонгор хэмээгч морины талаар дуулснаа өгүүлбэл.

Булган хонгор Маскрад гэдэг бор азарганы үр. Хэнтий аймгийн Мөрөн сумын Болоожийн буурал гүүний үр. Маскрадын төлийн төл хээр үрээ 2018 онд улсад 13-т ороод, Алтан овооны бүсэд айрагдаж байсан билээ. Булган хонгор 2014 онд Баянхонгорт болсон Ламын гэгээний бүсийн уралдаанд сонгомол дээд ангилалдаа тавд хурдалсан. Тус баярт мөн Эрдэнэхайрхан сумын харьяат сонгомолын домгуудын эзэн Н.Даш-Өлзийн хараацай зээрд түүний өмнө гишгэж дөрөвлөж байсан түүхтэй.

2016 оны улсын баяр наадамд аман хүзүүдэж, 2017 оны улсын баяр наадамд зургаалаад Дундговьд болсон улсын бүсийн уралдаан Их мандалын хурдад Луу халтарыг дийлж түрүүлэв. Энд тэр цагийн сонгомолын аль дөмөг гэсэн хүлгүүд цугласан. Улсад хоёр, бүсэд гурав айрагдсан Л.Эрдэнэбаатарын хул гуравт орж байлаа. 2018 оны улсын баяр наадамд гуравт хурдлаад, Алтан овоонд очиж айрагдсан. Эндээс Бат-Очирын Энхболд таван айраг ууж тод манлай уяач цол хүртсэн түүхтэй. Үүний дараа жил дараалан улсын баяр наадамд аравт хурдалсан.

2019 онд улс, Их хурдад аравт давхиад, Боржигон наадамд сайхан уяатай очжээ. Наадмын өглөө алдаад нэлээд хоцорч мордуулсан байна. Хождож гараад морьд эргэхээс өмнө төхөөрөмжид гүйцэд орж эргээд аман хүзүүдсэн ч морины комисс бариагүй гэдэг билээ. Харин Дундговийн Цэндийн Гансүхийн өсгий цагаан хар гэж даагандаа хурдан байсан хүлэг зургаалаад урагшилж айрагт баригдсан юм.

Дамиранжавын Бат-Амгалан ах энэ талаар олон сонин сайхан зүйлийг ярьдаг. Улсын шилдэг уяач Т.Батцоож хонгорын ерөнхий уяаг хийж байсан. Би яг гардан хариуцаж ажлыг хийнэ. 2007 онд төрийн түмэн эх дүүгүүр саарлыг хөлсний хашаанд хөтлөөд хөлсийг хусаад гүйж л явлаа... Булган бол өнгөөрөө уралддаг адуу даа. Сайхан хонгортоод ирэхээрээ л уяа нь гүйцэж байна гэж бодогддог байсан. Өвөлдөө ухаа зээрд болчихно.  Уяаны үедээ зүс нь хатуураад, үсний үзүүр салаалаад харлаад эхлэхээрээ байр хойшлчихно. Гараа тааруу. Хойноос нэвт явна. Яваа нь таараад сүүлээ шарваад ирэхээрээ ч явна шүү. Суултгүй. Дөнийгөөд ирэхээрээ ч үзүүрт харна даа. Эрлийз адуу хөлдөө халтай л гэдэг. Булган хонгор хөл онцгой сайн адуу шүү дээ. Ямар ч сэвгүй. 2021 онд улсын наадамгүй жил Сэлэнгэд болсон улсын бүсийн уралдаанд 9-д хурдлаад, хойтон жил нь би Баянхонгор авч явсан. Морьд эргэсэн хойно араас нь гүйцэж харлаа. Эхний зургаан адуу их хол тасраад явчихжээ. Хонгор морь бөөн дунд явна. Миний дууг авуутаа өмнөх хэдээ сайн дийлээд долоод орж билээ. Хөөрхий эхний зургааг их хол алдаад өөрийгөө түрүүлчихлээ гэж бодсон болов уу гэж боддог юм. Арав шахам жил дан сонгомол ангилалд уралдсан адуу гэхэд хөл сэвгүй, том наадамд ингэж уралдаж байгаа нь сайхан санагдсан даа...

О.Наранбаатар