Домог, хууч яриа

Лхүнрэвийн Төмөр-Очирын хээр морь

Энэ хурдан хүлэг Монгол улсын аварга малчин Ч.Лхүнрэвийн бага хүү Ганхуягийн унаган адуу. Эцэг нь Говь-Алтайн Баян-Уулаас хэд хэдэн эзэн дамжин ирсэн азарга, эх нь яг нутаг унаган гүү. 2000 онд унаган эзэн Л.Ганхуяг АНУ руу явах болж, Ч.Лхүнрэв, Л.Төмөр-Очир нар адууг нь авч үлдэн хариулж байсан. 2003 онд даага сумандаа анх түрүүлж, Яруу сумын баярт аман хүзүүдсэн. 2006 онд Эрдэнэхайрханы хоёр соёолон Завхан аймгийн наадамд удаа дараагаа ирлээ. Ч.Цээсүрэнгийн босоо хүрэн түрүүлж, аймгийн алдарт уяач Лхүнрэвийн хээр үрээ аман хүзүүдэв. 2004 онд Идэрийн Ялгуусан хутагтын наадамд Лхүнрэвийн хээр түрүүлж, Цээсүрэнгийн хүрэн нь айрагдаж байсан юм. Лхүнрэв гуай дал гарсан настай ч нутгийн уяачидтай тойрсон сумдад сайхан нааддаг буурал байлаа. Хээр морь 2009 онд наймд хурдлаад хүү Төмөр-Очирын нэрээр аймагтаа гурван жил дараалан түрүүлсэн. 2012 онд Завхан аймаг наадмаа Ганцын даваан дээр сүүлийн удаа уралдаад, түүнээс хойш Донойн хөндийд уралдах болсон юм. Тэгэхэд түрүүлсэн морь юм. Бяртай, өгсүүр замд гойд хөдөлдөг адуу байв. Хээр морь хүүхэд болон настай хүн очихоор зүгээр, моринд эв муутай хүн мордвол булгидаг, уурга бугуйлд ширүүн. Гараар хоргоож эвээр барьдаг, уралдаж байх хугацаанд нь залуу хүн тоотой цөөхөн мордсон адуу юм. Унаж явахад хатуу явдалтай, хулгадаг эвгүй хөдөлбөл булгина. Уяаны үед номхон дөлгөөн, адуутай зэрэгцэж явдаггүй, нэлээд ташуур өгч байж хурд гарна. Уралдааны үед араас нь адуу гүйцэж ирэхгүй, хамаагүй ташуурдвал хадуурдаг.  Хадууруулахгүйн тулд эхний морины ард дарж явж байгаад бариа ойртуулж урд нь гаргадаг тактиктай байсан. Үүний улмаас олон удаа аман хүзүүдсэн гэж эзэн уяач ярьдаг. Соёолон болохдоо 9 уралдаж нэг түрүүлж, долоо аман хүзүүдсэн байсан нь дээрх ярианы баталгаа юм. Дандаа аман хүзүүддэг адуу юмуу гэхээр аймагтаа гурван жил дараалж түрүүлсэн билээ. Дааганаас найман нас хүртэл Ч.Лхүнрэв, түүнээс хойш Л.Төмөр-Очир гардан уясан. 13 наснаас хөлд бага зэрэг цус буудаг болсон тул алдарт уяач Л.Төмөр-Очир дахин уяагүй. 2022 оны Эрдэнэхайрхан сумын ойгоор 21 настай морь албан ёсоор зодог тайлжээ. Одоо ч тарган сайхан хэвээрээ ижил сүрэгтээ бэлчиж явна. Л.Төмөр-Очир 2018 онд монгол улсын аварга малчин цол хүртжээ.