Манлай уяач Л.Дамдин (хүү Д.Цэндбаатарын дурсамж)
Ардын хувьсгалын 47 жилийн ойгоор зээрд азаргаа түрүүлэхэд сурвалжлагч аавын чинь овгийг хэн гэдэг юм бэ гэж асуухад өвөөгийнхөө нэрийг хэлснээр Лхаагийн Дамдин, Лханаажавын Дамдин гэдэг нэрээр алдаршжээ. Лханаажавын Дамдингийн зээрд азарга түрүүллээ гэж радиогоор зарлахад ингэж төрсөн эцгээрээ овоглодог байжээ гэж ихэд баярлаж байсан гэдэг. Намайг долоон настай байхад аав өвөө бид гурав өвөөгийн нутаг Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг руу явж байх замдаа, аав Өвөрхангай аймагт байдаг Арвай хээрийн хөшөөнд хадаг өргөж, намайг хөшөөн дээр мордуулсан юм...
Би таван жил улсын наадамд морь унахдаа ардын хувьсгалын 46 жилийн ойгоор зээрд азарга, буурал морь хоёроо түрүүлгэж, 47 жилийн ойгоор хүрэн азарга буруу талаар хошуу өлгөж орж ирэхэд зөв талын азаргыг барьж, буурал морь түрүүлж барианд орсон хойно ирсэн сул морийг урагш нь ахиулж хоёулаа аман хүзүүдсэн. Хойтон жил нь хүрэн азарга айрагдаж, буурал морь 26-д хурдалсан. 1970 онд хүрэн азарга айрагдаж, буурал морь зургаалсан. 1971 онд буурал их нас тавд хурдалсан даа.
Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор намайг моринд хүндэдлээ унуулахгүй гэхээр нь эмээлээ хасаад унана гэж зөрсөөр байгаад буурал морио унаж уралдсан юм. Айдсын даваан дээгүүр гарч ирэхэд даваан дээр тоолж байсан хүмүүс 50-д явж байна гэж хэлэхэд би буурал морио ташуурдтал буурал морь гараанаас гарч байгаа морь шиг хөдөлж алдар тойроход эхний 2 морь их зайтай дараагийн 2 бусдаасаа нилээд зайтай явж байлаа. Буурал морь Буянт-Ухаа өгсөхөд эхний 2 морины ард очоод жаахан сууж айрагдлаа.Том хүүхэд мориныхоо амыг зуулгаж байна гээд хэтэрхий татчихдаг юм билээ. Хэрвээ Айдсын даваан дээгүүр цээжинд гарч ирсэн бол буурал морио түрүүлгэх байсан гэж боддог. Одоо бодож байхад морины гэдсийг бага талд нь тааруулдаг хүн байсан болов уу гэж боддог.
Нууц товчооны даншиг наадам эхлэхээс арав гаруй хоног өмнө Төв аймгийн Баян суман дээр соёолон азарга нийлсэн 30 гаруй морьтой сунгаан хийхэд хамар цагаан хар азарга арван хэдээр давхисан юм. Манлай уяач Д.Оюунбилэг хар азарга ямар байна гэж асуухад хачин хурдан гэж хариулсан гэдэг. Оюунбилэг өвгөн зөнөж байгаа юм байна гэж боджээ.
Наадмын урд орой би Хөдөө аралд буудаллаад байхад нь очиход аав азаргаа ганцааранг нь тарлачхаад ер дайрч болохгүй шүү гэж захисан юм. 1981 онд улсад айрагдсан хонгор азарганы дүү хонгор морийг унаж яваад хамар цагаан хар азаргаа тарлаж ирэхэд нь тосож байгаад дайрсан чинь хамар цагаан хар азарга газар хөл нь хүрч байгаа нь мэдэгдэхгүй, гүйцэгдэхгүй хөдөлж байна. Наадмын өглөө азаргаа гаргаад буцаж явахад Өвгөнхүү гуай ааваас хар азарга хэдээр давхих бол гэж асуухад олон жил хурдан морь унасан Цэндбаатараас асуу гэлээ. Би айргаас хасагдахгүй байх гэж хэлсэн чинь Өвгөнхүү гуай халхын бүх хурд цугласан энэ уралдаанд гучийн дотор давхих юм бол сайн давхилаа гэж бодох хэрэгтэй гэж хэлж билээ. Хамар цагаан хар азарга тэр наадамд тавд давхисан юм. Хэрэв би урд орой нь дайраагүй бол илүү хурдлах байсан нь ойлгомжтой...