Домог, хууч яриа

Чадраавалын хөвгүүд

 

Идэр сумын нэгэн үеийн тачигнасан хурдан адуунд гурван айлынх голлож байсан шиг санагддаг. Гэндэнваанчиг, Начингалбаа, Чадраавалынхан

Чадраавалын дөрвөн хүү аймагтаа морь айрагдуулсан. Мануустайн Баярхүүгийн бор гэж гойд төлөрхөг азарганы төлөөр ах дүү дөрөв аймгийн баярт айраг авсан юм. Бор азаргыг аймгийн баярт уяж байгаад алдаж, наадамд тулгуу олж иржээ. Уяа завсардаад мордуулахад аравт орчихдог, сумандаа хоёр түрүүлсэн хурдан азарга. Баярхүү нь 2023 оны Завхан аймгийн 100 жилийн ойд морь айрагдуулдаг Мөнхбатын аав бөгөөд тод манлай уяач Т.Галбадрахын уяанд хүлэг морьдоо уяж сойж байгаа.

Идэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чадраавалын Батцэнгэл аймгийн баяр наадамд хээр үрээ айрагдуулж, Цэрэнпунцагийн баярт түрүүлгэж байсан. Энэ хээр үрээ өөрийн унаган, эхийн дээд тэл Тэлмэний адуу. Нуурын адуу хэмээнэ. Айхтар догшин эмнэг даага уяж болоогүй. Шүдлэн сургаж уяад, овоо номхорсон. Сумандаа түрүүлж, Очирваань хайрханы тахилга, Цэрэнпунцагийн баярт хэмээх том наадамд түрүүлсэн. Хязаалан үрээ аймгийнхаа баярт аман хүзүүдээд Баянтэсийн даншиг наадамд хөлөөр нь явж уралдаад 11-т орсон. Газрын гол усны уртад 14 хоног хөлөөр нь явж наадан, нэлээд эцээж, хоёр нүднээс нь нуух цувсан үрээ ирж жилийн дараа ч тамир нь гүйцэд сэргээгүй гэдэг. Соёолон жилээ Идэр сумын сургуулийн ойд  түрүүлж ирээд унжиж байсан. Хавчиг азарга болж байхад нь Батцэнгэлийн төрсөн дүү Баттогтох худалдаж авсан. Азарга болоод сумандаа хоёр түрүүлж хоёр айрагдсан.

Баярхүүгийн борын төлөөс Баттогтохын хоёр бор үрээ, Батцэнгэлийн хээр, Мөнхбуянгийн бор гэж гурван адуу Завхан аймгийн баярт айрагдсан. Бор азарганд өөрийн адууны хэдэн хээр, буурал гүү тавьж гарсан бүхэн нь хурдан байсан.

Чадраавалын Батсайхан аймаг аймгийн чанартай наадамд гурван бор адуу айрагдуулсан. Цэрэнпунцагийн баярт хязаалан бор үрээ айрагдаж, шүдлэн бор үрээ түрүүлсэн. 2007 онд бор даага аймгийнхаа баярт түрүүлгэсэн. Мөнхбуянгийн бор хязаалан аймагтаа түрүүлж онц сайхан хурдан адуу гарч ирсэн ч тэр өвлөө эндсэн гэдэг билээ. Харин сүүлд Баттогтохын хар үрээ Завхан аймагт айрагджээ.