Домог, хууч яриа

Даалин Самдан

Бороо шаагаад л байлаа. Өдөржин шөнөжин орсон  бороонд уяачдын майханд хуурай хувцас нэг ч үгүй болж, гал түлье гэтэл аргал нойтон тэнгэр бүгдийг захирч байв.

Нэмнээтэй, нэмнээгүй уяа морьд усан бороонд бөмбөгнөтөл чичирнэ, даалин Самдангийн халзан азарга урьд давхар уяатайг хэлэх үү хонуут орсон бороонд зоогоороо эвхийж махийгаад өрөвдөлтэй харагдаж байлаа. Самдан уяачийн гэдэс эвгүйрхээд майхандаа бас эвхэрнэ. Өвгөнтэй хамт яваа уяачид морьдоо нэмнэсэн боловч усан бороо нэвтэрсээр байлаа.

Самдан өвгөнд уяачид азаргаа сайн нэмнэхийг захисан боловч өвгөний зөрүүд хөдлөөд "зүгээр" гээд хэвтээд байв. Удаан орсон бороонд залхсан Дэлгэрхэтийн уяачид "Энэ жилийн наадамд манайхан айрагдах ч өнгөрөв бололтой.  Хамгийн их найдлага Даалин багшийн халзан азарга мултарч шийдлээ. Манай өвгөн ер нь зөнжээ. Азаргаа ч нэмнэхгүй үгэнд ч орохгүй, хайран азарга гэж шагшрах хүн ч байлаа. Нар шингэхийн өмнө бороо зогсов. Самдан хөнжлөөсөө өндийгөөд хоохор Жунайг дуудан "За чи халзан азрагыг майхны үүдэнд авчраад хошногыг нь надад харуулаад орхи" гэлээ. Уяачид майхны амыг хоёр тийшээ яраад азарганы хошногыг өвгөнд харуулсанд тэр "За болноо хүүхдүүд минь хонины сүүл халаагаад хялгасанд ороож хошногоор нь сайн шургуулаад чөдөрлөж хар чийгт уяад хоно.

Сүүл нь ойчиж магадгүй сайн харж байгаарай" гээд хэвтээд өгсөн байна. Азаргаа идүүлэхгүйг бодоход хоёр хээр морио л явуулах нь гэж тэд ярилцаж байлаа. Маргааш өглөө нь хар чийг арилсан хойно азаргандаа хуурай өвс идүүлээд мордуулахаар болоход хүмүүс их гайхсан байна. Бага хээртээ нэг чадамгай хүүхэд унуулаад азаргаа хөтлүүлэн бага хээр азарганы хөдөлгөөнд хүрнэ байх гаргаад нүүрлүүлээд байгаарай хайрлах хэрэггүй. Жунай чи их хээрээ унаад нилээд наана суугаарай. Бага хээрийн болих үед их хээрээр дайрна шүү гээд өвгөн үлдсэн байна.

Морь тавих хүмүүс өвгөний хэлснийг төдий л ойлгосонгүй Жунай нөгөө чадамгай хүүхэддээ "Чи зөөлхөн яваарай халзан азарга сууна шүү. Ямар ч байсан над дээр авчраад өгөхийг бод гэлээ. Халзан азарга энэ удаа аймгийн наадамд суух нь бүү хэл эхний хэдэн азарганд манлайлсаар яваад Жунай дээр хүрээд ирлээ. Их хээрээр дайраад үзсэн чинь азарганы хөдөлгөөн улам нэмэгдэж хэдэн азарганаас сугарч наадамд түрүүлсэн байна. Харин яваад ирэхээр нь хөлий нь хусалгүй бушуухан хөтлөөд ирээрэй гэсэн тул Жунай хөтлөөд ирлээ. Самдангийн сэтгэл сэргээд азарганыхаа хөлсийг буулгахаар эмээлий нь авах үед шургачин уналаа. Халзан азарга ойчлоо гэж хүмүүс шуугихад өвгөн "Зүгээр хүүхдүүд минь тамир нь дуусч байгаа нь тэр хэвтэг хэвтэг" гэлээ. Азарга хэвтээд босоогүй тул цоллуулж чадсангүй байг нь өгөөд явуулсан байна.

Азарга уяан дээрээ хэвтэж байгаад маргааш нь даага ирэх үед боссон гэх бөгөөд нутагтаа буцах тэнхэлгүй азаргыг замдаа айлд захиж үлдээгээд намар орой ирж авсан байна. Монгол хонины сүүл гэгч ямархуу ид шидтэйг хүмүүс сая ойлгож даалин Самдангийн эрдэм ухаанд биширсэн байна.

Хуучин Дэлгэрхэт сум одоогийн Тойг багийн Хондгийн хорин босоогийн нэг даалин Чимэд арслангийн хүү даалин Самдан гэх нэрт уяачийн халзан азарга Дорноговь аймгийн наадамд ингэж түрүүлсэн хийгээд олон хоногийн бороонд хүн малгүй ядарч зүдэрсэн байна.