Домог, хууч яриа

Лхүндэвийн хонгор (шүлэг)

Болор цомын хошой эзэн Цэндийн Чимэддоржийн шүлгээс

Луу тэнгэрт хүрхэрч

Лхүндэв газарт хурхирч

Холын одод уяанд хотолж

Хонгор морин одон дээр унтаж.....

 

Нансалмаа "Жонон хонгор"-оо дуулж

Наран талд нь "Чонон хонгор" эвшээж

Зуузай тамга нь улам тод болж

Зуунд ганцхан наадмын од болох гэж.......

 

Хамрын нүх гэж хөх агуй

Харайлт давхил гэж хонгор хуй

Гараад л зугтаасан тэр чигээрээ

Гал галаа мандаах мэт ээ

Эртний нийслэл Хархорум

"ИХ ХУРД"-ын хонгор хорум

Нүдэн дотор нь хоёр загас эрхлэнэ

Нүүдэлчин монгол хүрээлнэ

 

Хонгор морин ижлээ тангарав

Холын оддыг үсэртэл тангарав

Морь шиг чоно Монголд ганц

Чоно шиг морь дэлхийд ганц аа