Домог, хууч яриа

Монгол улсын алдарт уяач Жамсрангийн Баянжаргал

 

Завхан аймгийн баяр наадамд эртнээс Алдархаанчууд одтой наадсаар ирсэн юм. 1990-ээд он гарч, энэ сумын од хийморьтой уяачидтай Яруу нутгийн хоёр уяач нэлээд тулж уралдан өгөө аваатай наадаж байлаа. Энэ хоёр уяач бол Жамсрангийн Баянжаргал, Лхамжавын Намхай нар юм. Алтан унаганы эзэн, Говь-Алтайн Жаргалангийн таван түрүүг авч байсан гээд сонин содон намартай олон түмэндээ Баянжаргал айдаа хэмээн хүндлэгдсэн энэ буурал уяач 1993 оны Завхан аймгийн ой, өнөөгийн баруун бүс мэт өргөн дэлгэр болоход хүрэн азаргаа айрагдуулж байлаа. Хуучин цагийн жинхэнэ адуучин хүн дээ. Адуутай нөхөрлөсөн хүн олонтой, буянтай явдаг жамтай. Нэгдэл нийгмийн адуу олон жил малласан хүний адуу ч эрс чангардаг жамтай. Үржлийн бодлогоо сайн зохицуулж чадвал социализмын үед хурдан сайн морьтой хүн нь зөвхөн нэгдлийн адуучид л байсан билээ. Жамаагийн Баянжаргал ч аргагүй сайн адуутай гэдгээ Завханы довонд олонтаа батласан.

1951 онд төрж, таван настайгаасаа хурдан морь унасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл алтан тууртын дэргэдээс холдсонгүй. 1976 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуу маллах болсон. Өмч хувьчлал болтол адуугаа малласан. Яруу суманд морь олныг түрүүлгэсэн. Сумынхаа баяр наадмын айраг түрүү олныг авч аймагтаа 1993 оны ойгоос нааш очиж уралдах бүртээ айраг түрүү авч байсан уяач. 2001, 2002 улсын баяр наадмыг зорин очиж уралдсан. Их морь 96, халтар азарга 50-д давхиулж байсан. Дараа жил нь Сархайрханд түрүүлдэг хул морьтойгоо Их хурдад зорин очиж уралдаж мөн 60 орчимд хурдалсан. Тэр жил Нагааранзын домогт халзан морь Завханаас ирж Их хурдад аман хүзүүдэж байсан юм.

Ж.Баянжаргал 120 гүүнээс 120 унага авч, таван жил дараалан төлийн хорогдолгүй адуу маллаж, 1991 онд Монгол улсын Алтан унаганы эзэн болжээ. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат адуучин хөдөлмөрийн баатар Лутын Гангиа, тэгээд дараа нь Завхан нутгийн энэ хүн авсан юм. Баруун таван аймагт тухайн үед гуравхан хүн байдаг гээд л ярьдаг байлаа даа.

Завхан аймгийн Яруу сумын Өргөн бригадын адуучин Товуугийн унаган хүрэн азарга нь сумандаа зургаан удаа түрүүлсэн. Сөнгө даага аваад сумандаа завсаргүй түрүүлгээд 1993 оны Завхан аймгийн ойд хавчиг азарга уяж очиж айрагдуулсан. Завханы ойд хол хөтөлж яваад Увсын Баабайн хээр гэгч азарганд дийлдэж аман хүзүүдсэн. Хоёр жилийн дараа нийлсэн найман настай азарга дахин Завхандаа айрагдуулж байлаа. Хүрэнгийн төлөөс хонгор морь аймагт хоёр айрагдсан. Төл хүрэн даага мөн айрагдаж байлаа. Өөрөө улсын баяр наадамд явж, хонгор морио хүүдээ уяулж үлдээгээд Завхандаа айрагдаж байсан юм. Мөн нэг төл хээр соёолон аймагтаа айрагдуулсан.

Өөрийнхөө хурдан хүрэн азарга болон монгол улсын алдарт уяач Л.Намхайн хээр морьдын дээд удмыг өргөн бригадын Товуугийн адуу. Бүр дээд удам Тэлмэн чигээс гарч ирсэн болов уу Нэгдлийн адуунд ирсэн гэж алдарт уяач ярилаа.

1994 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 70 жилийн ойд явсан нь дуулиантай. Тэр үед морь ачна гэж байхгүй цаг. Яруу сумын уяачдын гал тун сайн бүрэлдэхүүнтэй тус наадмыг зорьжээ. Замын хол, элс их даага улдана гээд авч яваагүй байна. Тус наадмын таван түрүүг авсан нь монголын хэмжээнд бараг эвдэгдээгүй рекорд байхаа. Азарганы уралдаанд дээрх хүрэн азарга түрүүлэв, их морины уралдаанд Тэс унаган сумандаа мөн тав түрүүлсэн сайн их морь нь түрүүллээ. Соёолонгийн уралдаанд хул үрээ, хязааланд хээр үрээ, шүдлэнд Самданбалын Бат-Эрдэнийн хулыг уяж очиж түрүүлгэв. Хул үрээг Ж.Баянжаргал алдарт хязааланд нь мөн уяж аймагтаа түрүүлээд, Сар хайрханд түрүүлгэж намар нь худалдаж аваад 1996 оны Завхан аймгийн баяр наадамд аман хүзүүдүүлжээ. Улсын баяр наадамд явж уралдаад энэ хул морийг зарсан хэмээдэг. Жаргаланд болсон энэ явдал улс орон даяар яригдаж, Морин спорт уяачдын хурал дээр хүртэл сэдэв болж байсан юм.

Сар хайрханд түрүүлсэн хул морийг ид байх цагт үед юм. Нэг хавар Алдархаан Яруугийн заагт Алагийн дөрөлжид хамаа уралдаан болжээ. Уяач бүр нэг адууны бооцоот уралдаан болж хул морь хол түрүүлж 16 адуу туугаад харьж байсан юм гэдэг. Аз гэдэг буяныг дагана гэдэг л энэ болов уу. Дөрвөлжингийн дээж хээр морины эзэн Э.Мөнх-Эрдэнэ ингэж ярилаа. 2001 оны зун Ж.Баянжаргал айдаа улсын баяр наадамд явна гээд Дөрвөлжин сумын Хөх эрэгт манайханд ирсэн. Ер нь хот айлаараа л улсын цолтой, алтан унаганы эзэн гээд хүндэлнэ. Манай нагац Сангарагчаа, З.Оюунбаатар гуай, арслан П.Батсүхийн аав Пүрэвдорж гуай эд сүрхий найз улсууд байсан. Нэг өдөр лав найрласан шүү. Загджавын Оюунбаатарын хоёр хүү, бид гурваас зэрэгцүүлж зогсоогоод, өргөж үзээд, Оюунбаатарын Намнансүрэн гээд сүүлд дуучин болдог залууг авч явж улсад морио унуулсан байх учиртай даа гэж ярив.

Ж.Баянжаргал 2004 оны Завхан аймгийн баяр наадамд алаг үрээ уяж аман хүзүүдүүлэв. Хойтон жил нь хүрэн халзан, алаг хоёр хоёулаа хурдан байв. Их наадамд хүрэн халзан нь түрүүлж, алаг үрээ нь тавлаад сүүлдээ зургаад баригдсан гэдэг.

2008 оны зун улаан хээр, бор хээр хоёр сайн морин соёолонтой байжээ. Нэг нь Сантмаргазын Даваагийн Нямдоржийн адууны, нөгөө нь Л.Цандэлэг манлайн унаган. Ховдын Алтайн унага даншиг наадмыг зорин очоод улаан хээрээ улсын харцага М.Дармаабазарын нэр дээр уралдуулж гуравт, бор хээр үрээ түүний хүү Ж.Пүрэвжалын нэрээр уралдаж тавд хурдалсан. Алдартын хоёр хүү Алтанцоож, Пүрэвжал нар аймгийн алдарт уяач цолтой.

Нэгдлийн 800 адуу маллаж хүлгийн салхинд исгэрч явсан уяач хувьчлалын дараа ч адуу 500 гаргаж тоолуулж байсан түүхтэй.