Ярицлага

Сар хайрханы даншгийг хийсэн хүн

Ороо хээр морь толгойгоо дээр өргөн, чонон хоёр чихээ сортолзуулж, хумин бөөгнүүлсэн олон зуун адуун дотроос дүүлэн цойлохоор биеэ зэхэн цомбон туурайгаараа газар цавчлан тогтвор алдана. Уурга, бугуйл барьсан залуус эр чадал, эрдэм билэгээ сорихоор дотор нь загатнана. Тэд өөр хоорондоо өгүүлэлдэх нь:

- Хэн эхэлж уургалах вэ, Адиа адуучин бидний хэн нэгэнд итгэл өгөх юм биш биз?

-Ээ дээ, ороо хээр ч хэцүү шүү, уургаллаа гэмээнэ мод тавиулж байж салахаар зүтгэнэ шүү.

-Доржсамбуу даргаар уургалуулах гэнэ. Түүнээс илүү уургач ч энэ голд үгүй байхаа даа

-Энэ дарга ер нь элдэвтэй хүн шүү. Морь уургална, мотоцикл унаж засна, машин барина, эмнэг тэмээ сургана. Насаараа хөдөө байж бид даргын хаана нь ч үгүйдээ ичих юм гэсэн яриа болж байтал уургач хул мориныхоо гэдсийг эвхэртэл олмоо татаад, урт уурга тулан мориндоо шавхийтэл мордох гавшгай эр Доржсамбуу ажээ. Тэр дүүлэн цойлох ороо хээр морины зүгт сум шиг дайран ороход олон адуу ярагдан бужигналдлаа. Хүүе хаая гэхийн зуургүй уургач хул морь дүүлэн цахилсаар ороо хээрт хүрэхэд, урт уурга шидэн хаяж, оонын хүзүүн хуйв нарийн хараар нь гулхийн чангарахад эмнэг догшин адгуус ухасхийн зүтгэж, элсэн хөрстэй газар шороо эргэх мэт хуй тоос бослоо. Тоос намжихад эмээлийнхээ араар сууж, ган зуузай дөрөөгөө эмээл дээрээ гартал хазайж, унасан морио гуйвуулан татах шандаст эрийг харахад эрхгүй бахархал төрнө. Борнойн Доржсамбуу гэж ийм нэгэн эр идэр залуудаа Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн даргын албан хашиж, хүний барихгүй ороог уургалан барьж, нэгдлийн адуун сүргийг нэг бүрчлэн таньж, азарга азаргаар нь бүртгэж, хурдтай, жороо, сайвар удамтай унага даагаа хүртэл адуучдаас үгүйлэн нэхэж тэвдүүлж явлаа. Тэр Нөмрөг сумын 10 жилд суралцаж байхдаа өвлийн амралтаар хур хүчтэй тарган морь худалдан авч унаад, хангай руу гүйлгэсэн морио замдаа олоод буцаж байсан хүмүүн. Оюутан амралтаар ирсэн өдрөө мотоцикл унан, Гүн нуур, Зөөхий давхиж, тэмээний эрэлд явж байхыг олон хүмүүн мэднэ. Тэр чанараараа хот хөдөөг холбосон бизнесмен болсон ажээ. Борнойн Доржсамбуу 1943 онд Сантмаргац сумын нутаг Дөрвөлжинд төрсөн, араасаа 8 дүү дагуулсан булган сүүлтэн. Эцэг Д.Борной эх П.Лхамхүү нар нь мал маллаж амьдарсаар насан өөд болсон. Тэднийх хэзээний мал ахуй сайтай, хүүхдүүд нь эршүүд ажилсгаараа нэрд гарсан улс, Доржсамбуу ХААДС-ийн зоотехникчийн анги төгсөж, Цэцэн-Уул сумд зоотехникч, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1983 онд Дөрвөлжин сумд нэгдлийн тэндээ суурьшсанаас хойш өдгөө хүртэл бүтэн 10 жил ур даргаар очиж, бүтээлтэй ажиллаж, зах зээлийн нөхцөлд хөдөө аж ахуйг чадварлаг удирдан зохион байгуулсны учир 1993 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Баатарын алтан соёмбо, Сүхбаатарын одонг ардчилсан төрийн анхны ерөнхийлөгч П. Очирбатаас гардан авчээ. Тэр төр түмний хайр хишигт бахархахдаа төрсөн эцэг минь ганц жил амьд явсан бол хүүдээ яасан их баярлахсан бол хэмээн нулимс унагаж зогсчээ. Эдүгээ түүний удирдаж буй «Таван эрдэнэ» жилдээ 20,0-30,0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг, компани нэгдлийн үеийн бүтцээ цаг үетэйгээ зохицуулан өөрчлөн үлдэж чадсан ховорхон аж ахуйн нэгэн бөлгөө. Худаг ус, хашаа юу байсан, тэр болгон нь ажилтай гэнэ.

-Хамгийн их баярлах юм?

- 1995 онд «Морин эрдэнэ» даншиг явуулснаа их тоож үздэг. Бүх насны морьдыг би морь унаж хөөсөн. Наадамчин түмний сэтгэлд сэв суулгахвий гэхээс олон шөнө нойргүй хоносон. Би моринд хорхойтой, жил бүр таван насны морь уядаг. Миний уясан морьдоос даншигт айрагдсан. Морины хийморь эзнээ ивээн тэтгэдэг юм шүү. Хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуу АИХ-ын депутат байхдаа нийслэлд 76 хоног хуралдаж, ардчилсан төрийн анхны Үндсэн хууль батлалцсан түүхт хүн. Тэр зах зээлийн үеийн анхны баатар «Зах зээл өөрийн хуультай. Чухам яах ёстойг амьдрал заагаад өгнө. Зоригтой, шийдмэг, самбаатай хүн түрүүлж зөв хөдөлсөн нь зах зээлд хожиж гарах жамтай. Хамгийн гол нь илэн далангүй байдал, үнэнч үйл ажиллагаа, хүн хүнээ хайрлах нь амьдралын эцсийн шалгуур болой» хэмээн хүүрнэлээ.

Нутаг нугадаа алдартай уургач аавын хүү, өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн Доржсамбуу таныг түмэн олон тойрон хүрээлж аминаасаа илүү хайрлах адууны тань хийморь түшиж явна. Түүний хэлснээр «Дөрвөлжин» хэмээх газар төрсөн бие, «Дөрвөлжин» сумд суурьшин амьдарч, нэгэн Дөрвөлжингөөс нөгөө Дөрвөлжингийн хооронд хүмүүн түүхээ бүтээж байнам.

1995 он Ц.Сайннямбуу