Домог, хууч яриа

Хасын Рэгзэдсүрэнгийн хонгор морь

Баянхайрханы Монхоо гэж хүн нэгдэлдээ олон эмнэг сургаж өгөөд, шагналд нь нэгдэл адуунаас хонгор даага авчээ. Энэ морийг 1966 онд Х.Рэгзэдсүрэн хавчиг насанд нь худалдан авч нэр цууд гарсан морь болов.  Долоон наснаас нь хурдлуулсан. Өөрийн суманд 9 түрүүлж, Түдэвтэйд хоёр түрүүлж, 6 айрагдсан морь. Ямар ч наадамд гараагаараа хол зугтааж түрүүлдэг. Араас морь нөмрөхөд чих нь хулмалзаад зүтгэдэг, аргагүй уралдахын төлөө төрсөн буян байлаа гэж Рэгзэдсүрэнгийн бага хүү Отгонбаяр хуучлав. Тухайн цагт улс, аймаг, сумын бүх наадамд зэрэг болдог тул жилдээ ганц л нааддаг, гадагшаа явж наадсан нь цөөн гэнэ. Баянхайрхан сумын баяр наадамд 1970-1972 онуудад завсаргүй гурав түрүүлээд, дараагийн хоёр жил нь Г.Бямбажавын улаан, Б.Махгалын улаан гэж морьд түрүүлсэн. 1975-1977 онуудад дахин гурван жил дараалан түрүүлээд, 1978 онд Г.Бямбажавын улаан морь дахин түрүүлж, хонгор морь айрагджээ. 1979-1981 онуудад мөн дахин гурван жил дараалан түрүүлсэн. Гурван удаа гурав дараалан түрүүлж нийт сумандаа 9 дараалан түрүүлсэн хүлэг билээ. Энэ хурдан хүлгийг Баянхайрханы Ж.Шаравын хээр, Т.Доржпаламын хээр, Н.Даваажавын хар зэрэг морьд залгасан билээ.