Дотоод мэдээ

Завханы 80 жилийн ойн зургаан түрүү морины танилцуулга

2003 оны Завхан аймгийн түүхт 80 жилийн ойд улсын бүсийн домогт морьд ирж уралдсан билээ.

Түрүү азарга

Тод манлай уяач Г.Сандуйжавын Дүү зээрд азарга. ХХ зууны монголын сор болсон адууны дундаас гарсан хүлэг эрдэнэ юм.  1981 оны АХ-ын 60 жилийн ойн жилийн ойд наадаад буцахдаа  Хэнтийн аймгийн Галшар сумын харъяат Улсын анхны алдарт уяач Донойн Цэвэгмид Манлай уяач Д.Гарамжав агсанд  хязаалан хээр үрээ бэлгэнд өгчээ. Энэ азарганд тойруулга удамтай хээр халзан гүү өгчээ. Эндээс Хээр гүү, өсгий цагаан хар, гоё хүрэн, үст хүрэн дөрөв гарсан хэмээдэг. 1989 оны улсын баярт айрагдсан Д.Гарамжавын тогоруу халтар азарганд  дээрх хээр гүүг өгч Дүү зээрд азарга гарсан. 1999 оны улсын баярт зургаалж, Боржигон, Говь  Шанхад түрүүлсэн. Хавчиг азарга улсын баярт хол түрүүлж, Хардэл бэйсийн даншигт түрүүлсэн. 2003 онд Завхан аймгийн түүхт ойд очиж түрүү магнай болсон билээ. 

Түрүү их нас

Жамьяангийн Дамдингийн Оодон хээр. Мөн л энэ үеийн домогт их нас. 1995 оны Сар хайрханы даншигт Панзын Ганбатад байхдаа соёолон түрүүлж гараагаа эхлээд арав шахам жил босоо хурдан байсан морь. 

Түрүү соёолон

Баянтэсийн Өсөхийн Чулуунбаатарын хээр. 1993 оны Завханы 70 жилийн ой хийж баруун монголын нэрт уяачид цугласан том наадам хийхэд Баянтэс сумаас хоёр соёолон айрагдаж байсан нь тохиолдлын хэрэг бишээ. Нэгдэл адууны Сампилын Доржпүрэвийн хээр үрээ, Чимэддоржийн Цэрэнбатын хүрэн халзан үрээ хоёр айрагдсан. Сум орон нутагтаа сайн уралддаг энэ хоёр морь гарч уралдсан нь энэ юм. Ч.Цэрэнбат үүнээс яг арван жилийн дараа Завханы 80 жилийн ойд хүрэн үрээ уяж ирээд Завхан аймгийн Боловсролын газрын дарга Өсөхийн Чулуунбаатарын нэр дээр уралдуулж түрүүлгэж байсан юм.

Түрүү хязаалан

Сантмаргазын Борнойн Баасанжавын халиун. Сантмаргазчууд түүхт ойд одтой нааддаг уламжлалаа энэ сумынхан үргэлжлүүлсэн. Энэ адууг Баруунтуруун унаган хэмээн ярьдаг.

Түрүү шүдлэн

Төв Баянцогт Сумьяасүрэнгийн Ганхуягийн халтар. Энэбишийн Ганбатын унаган адуу.Хөлийн хурдаар гайхагдаж бага насандаа завсаргүй том наадамд айрагдсан Төв аймгийн Б.Нацагнямын халтар үрээ эцэг нь Сүхбаатараас гаралтай, эх нь өөрийн унаган тогоруу цустай халиун гүү. Даага Боржигонд айраг, шүдлэн Төв, Завхан аймгийн 80 жилийн ойд түрүүлж Боржигонд аман хүзүүдсэн. Хязаалан соёолон улсын наадамд айрагдаж, азарган соёолон Өндөр Гэгээний наадамд айрагджээ.

Түрүү даага

Эрдэнэхайрхан Чимэддоржийн Цээсүрэнгийн хүрэн. Чимэддоржийн Цээсүрэнгийн хүрэн даага хожмоо их сайн морь болсон. Нутгийн унаган адуу. Энэ дааганы эх нь Сартуул, эцэг нь Тэсийн голын унага. Завхан аймагт хязаалан аман хүзүүдэж, соёолон түрүүлж, нийлээд нэг зургаалж нэг айрагдсан. Аймаг суманд 28 удаа цоллуулсан алдартай хүлэг болой.