Гуутай жаазанд нь Хуягийн хүрэн янцгаасан...
Гуутай жаазанд нь Хуягийн хүрэн янцгаасан... Юуны өмнө их найрагчийн шүлэгт дур мэдэн гар дүрсэндээ хүлцэл өчье. Одоогоос яг гучин гурван жилийн өмнө говийн нэрт найрагч Цэндийн Чимэддорж агсан Болорцомын тайзнаа алдар цуут Малчин шүлгээ урсгаж тод магнай торгон жолоо өргүүлжээ. Малчин шүлгийн Гуутай жаазанд нь Галын хүрэн янцгаасан...гэдэг тэр мөр одоо ч бидний сэтгэл зүрхэнд хадаатай үлджээ. Социалист үзэл суртлын ид үед зохиогдсон шүлгийн энэ мөрүүд монгол хүн бүрийн зүрхэнд үндэсний уламжлалаа соёлоо гэх нэгэн далд дохиог өгсөн байхаа. 2010 онд Гурвансайхан сумын нэрт уяач Тавхайн Дондов, Батхуяг нар Сүхбаатар явсан шиг билээ. Т.Дондов гуай Дэрэн сумын харьяат малзүйч Гочоогоос хүрэн сарваа авсан юмуу даа. Хуяг ахын машин дээр ачиж буцсан гэж яригддаг. Гурвансайхандаа ирээд хүрэн даагаа буулгах гэтэл буугаагүй тул миний савны адуу гээд өртөг мөнгийг төлж өөрийн болгосон гэлцдэг. Тэр жилээ айргийн араар ганц нэг давхисан боловуу. Хулдад хүрэнтэй чацуу сахиус хар, Батжаргалын хамар цагаан шарга, хонгор халзан, Будын хулан хонгор, Магнайн хээр гээд хэдэн сайн үрээ урд хойноо орж уралддаг байлаа. Хязааландаа сахиус, дөлгөөн хоёр цохилдож ирээд улсын алдарт Б.Лхагва-Очирын сахиус хар тэргүүнд баригдсан юм. Соёолондоо Дөлгөөн ёстой л дэвжээгээ эзэгнэж хол түрүүлж билээ. Батжаргалын шарга нь аман хүзүүдэж, хонгор халзан зургаалж, Магнайн хээр нь долоод, сахиус наймд орж байлаа. Хулдын 90 жилийн ой лдоо. Тэр жил дөлгөөн хүрэн аймагтаа түрүүлж, Хулд, Сайхан-Овоо, Дэлгэрхангайн ойд угсраад гурав сайхан түрүүлж олны анхааралд зүй ёсоор орж ирсэн. Гурван сумын ойд Батжаргалын шарга ард нь ирж байсан юм шүү. Бас л говийн нэгэн аварга. Намар орой Өвөрхангай явж аман хүзүүдсэн. Тэр довондоо дөрвөн жилийн дараа очиж дахин түрүүлсэн. Урт уяатай, долоон сарын сүүл, найман сарын эхээр л энэ аваргын уяа ханаж, хурд гүйцнэ дээ. Хавчиг зургаатай Дэлгэрхангайн ууланд тавд хурдалж байлаа. Долоон сарын эхээр Хулд сум наадмаа татаж хийхэд Будын шарга морьтой холоос тарлаад онь холбон орж аман хүзүүдэж билээ. Долоон сарын хорьдоор Луусын ой, Мандалын төвийн бүсийн даншиг, Цогтцэцийн ой, Б.Баярсайханы наадамд угсраад дөрөв сайхан түрүүлж байлаа. Цогтцэцийн ой сум сумаас онцгой өргөн дэлгэр болов. Их ч шороотой. Одоо энэ Д.Онон манлайн янзага л гэхэд хязаалан үрээ очиж азарганд түрүүлж байлаа ш дээ. Олон ч морь цугласан. Дорноговийн Д.Отгонжаргал гурван сайн их морьтой иржээ. Мэдээж тэнд түрүүлгэх л гэж ирсэн байж таараа. Буурал морь нь Дорноговьдоо түрүүлсэн байсан юм. Хонгор халзан, хонгор хоёр их нас нь гараад зугтаалаа. Хүрэн ар дээр нь хэсэг яваад давхараар нь дайраад арилаад өгч билээ. Дааган Цэндээ ингэж давхар цохдуулав. Аймагтаа түрүүлсэн буурал морь нь зургаалж, Дундговьд дараа жил нь түрүүлдэг Эрдэнэдоогийн хээр морь долоод орж билээ. Ингээд хүрэн морины тэр жилийн наадам дуусчихлаа гэж бодов. Гэтэл найман сарын аравдаар Бандиагийн Баярсайхан улсын алдарт уяач цолны мялаалга сумандаа хийлээ. Газар ойр юм даа. Хүрэн морь яах бол гэцгээж байсан ч дэвжээндээ дахин нэг торгон жолоо өргүүлж билээ. Соёолон, хавчигийн аль нэгэнд улсын наадмыг зорьсон бол баараггүй айрагт хутгах байсан болов уу. Их уяач аавынх нь нар хаагдаад Хуяг ах том наадамд зориглоогүй байх. Явна ч гэж аварга даа. Б.Лхагва-Очир алдарт “Хуяг ахын хүрэн чинь газрын хаанаас ч тарлаад явчихдаг морь доо...” хэмээн бахархан өгүүлж байлаа. Говийн нэрийг олонтаа гаргаж байгаа Адьяагийн Мөнхбаяр алдарт “Дөлгөөн хүрэн гэж ёстой буруу нэр. Харин мангар хүрэн гэвэл зохино” гэдэг юм. Тэнэг гээд байгаа биш эгэлгүйг нь л бахдаад байгаа нь тэр. 2015 оны долоон сарын эхээр. Дундговь аймаг төвдөө шигшмэл хурд гэж хийв. А.Мөнхбаяр алдарт наадмын урд орой “Маргааш ч мангар хүрэнгийн наадам биз дээ. Хуяг ах машин унах байх...” гэж байсан ч Өндөршилээс ирсэн хонгор морь түрүүлж, Дөлгөөн, Дэмбээ загал хоёул айрагдаж билээ. Ер нь тэр жил хүрэн морь урьдын гоц давхил үгүй болчихсон мэт байж билээ. Улсын наадмыг ганц удаа тааруу байхдаа зориод хэсэг зарлагдаад хойшлосон доо. Урд нь хичнээн олон хурдан хурц туур тачигнаж байхад даанч нэг тэвдэхгүй нь сайхан даа. Эд яахав ингэж л байдаг юм гэсэн шиг нөрүүхэн харайж байх. Ёстой л дөлгөөн нэрэндээ таарам. Харин дөхөж ирээд ташаан толгойг нь билүүдээд үрж байгаа нь ёстой мангар даа. Хэд ингэж шахаад туулж гараад туурайн чимээгээ гайхуулан одно. Онцгой туурайн чимээтэй морь доо. Ер нь эгэлгүй аваргуудын туурайн чимээ хамт уралдаж байгаа хүлгийнхээ зүрхэнд орохоор сүрлэг байдаг юм гэсэн шүү. Бяр нь ханаж барилдаан нь тогтсон аварга бөх өрсөлдөгчдөө нэг юм болгохгүй дээгүүр харцтай байх үе байдаг даа. Тэр л санагддаг юм. Нээрээ хүрэн морины тамганы талаар хэдэн үг. Ө үсгэн тамга зөв талын гуянд бий. Ийм учиртай гэдэг. Малзүйч Гочоо Дэрэн нутагруугаа давхиж яваад зам дээрээс Ө үсгэн тамга олж ихэд билэгшээжээ. Адууны тамга олсон эр хүн баярлалгүй ч яахав. Тэгтэл мөнөөх тамга нь Халхын зартай хурдны өлгий Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдлийн тамга байсан гэдэг ээ.