Богдын хээр алаг
XX зууны эхээр Халх монгол даяар дуурссан алдар нь дахин давтагдаагүй нэгэн хурдан хүлэг байсан бөгөөд уг гарвалыг яг таг тогтоож чадаагүй бүлгээ. Их шавийн хамбын отгийн албат, халхын уяачдын оргил жасын хөх Дондогийнх одоогийн Төв аймгийн Цээл шар ус, Тосон Заамар, Булган аймгийн Хунтайжийн балгасаар нутагладаг байжээ. Тэр цагт их шавийн уяач, шинжээчид шилдэг хурдуудыг олж Их сүрэгт нийлүүлэхээр тал тал тийш мордож байжээ. Их сүргийн хүлэг морьдын гол өрсөлдөгчид нь Сэцэнханы унаган адуу байлаа. Сэцэнханы ноёд, уяач, шинжээчид шилдэг азарга, морь, үрээгээ Даншигт түрүүлгэж, Дээрхийн гэгээнд өргөхөөс зайлсхийж байсан цаг. Яг энэ эгзэгтэй мөчид их, шавийн уяачид эрлийн үзүүрийг эргүүлж, их сүргээс дархан түмэн эх гаргаж ирэх зорилт тавьжээ. XIX зууны төгсгөл гэхэд Их сүргийн түмэн эхийн өмнө морио гишгүүлэх зүрхтэн ч ховор болсон биз ээ! Нэртэй зохиолч, өвгөн партизан Ж.Дамдины 1975, 1976 оны бичгийн мэдээгээр жасын хөх Дондог уяач хээр алаг даагыг малын зах дээрээс эсвэл Да захирагчийн адууны бэлчээрээс 10 лан мөнгөөр худалдан авсан гэсэн хоёрдмол санаа бичигджээ. Нэг найраглалд нь Хараа, Бороогоос хойхнуур нутагтай хээгүй Гунгаа гэдэг хүнээс Гэлэгяримпил ламд барьцаанд өгсөн алаг даага Да захирагчид зарагдсан гэжээ.
Нөгөө нэг өгүүлэлд нь Сэцэнханы Өндөрхаан буюу Хэнтийн Мөрөнгийн их шавийн Тавнангийн отгийн Самидын Гунгаагийн унаган адуу 1894 онд төрсөн, эзэн нь голоод малын зах дээр зарсан гэх мэт ажгуу. Даншиг наадмын хурдан морины уралдааны бичгийн сурвалжтай тулган үзвэл мөн зөрүү буруу зүйл байна. Ер нь энэхүү найраглалд гарч байгаа Гунгаа, Гэлэгяринпил, Да захирал нар нь зохиомол уран сайхны дүр бололтой юм. ЖДамдин 1898 оны шар нохой жил соёолон хээр алаг үрээ Сэцэнханы буурал соёолонтой ач тач үзсээр сугаран зугатаж Магнаг толгой энгэр Шар орны өмнө тасархай түрүүлсдн гэжээ. 1898 оны бичгийн мэдээ олдоогүй юм. Тэр онд хязаалан настай хээр алаг үрээ л түрүүлсэн байж болох тул зөрж байна. Тэгвэл Ж.Дамдины нэг мэдээнд хязааландаа түрүүлсэн гэсэн байдаг. Хэрэв хязааланд түрүүлсэн бол Түмний эх хээр алаг соёолон гэх байсан биз ээ.
Харин бичгийн сурвалжаас үзвэл 1899 оны Шарагчин гахай жил Жавзандамба хутагтад хуучин журам болон басхүү луут шүхэр түшлэгээр шагнасны учир Халхын таван газраас Баторшил давхарлан өргөөд таван насны 1229 морь уралдуулжээ. 315-н Соёолон уралдуулж 105-ыг барьсныг тэргүүн нь их шавийн сүргийн хээр алаг байлаа.Ийнхүү хамбын отгийн уяач Дондог хээр алаг соёолонгоо Богд эзэндээ өргөн барьж, шадар хүлэгч болжээ.Тэр цагаас хойш Богд эзний нэрийн өмнөөс уралдагч хээр алаг Түмэн эх баттай дархлагдаж 1902,1904,1906,1907 онуудад тус бүр нэг, 1908 онд 2 удаа, нийт 7 удаа их наадамд түрүүлжээ. Бичгийн сурвалж олдоогүй 1903, 1905 онуудад мөн түрүүлсэн байж болох юм.Ардын аман болон бичгийн мэдээ, олдоогүй он цагийг тооцвол 1898-1908 оны хооронд 10 түрүүлсэн байна. Их сүргийн хээр алаг Түмэн эхийн дээрх амжилтыг өнөө хир улсын том наадамд эвдэж чадаагүй байна.Энэхүү алдарт хүлгийн цол гуншингаас зөвхөн 1906 онд түрүүлэхэд нь "Сүргийн бадарсан Шинжин бататгасан, мөнх төрийн баясгалант энэ их баяр наадмын өмнө эрхийн цогийг бадруулагч, чандманийн сорыг оргилуулагч, эрдэнийн тун ч торойгч, санаснаар сонин бардаад ирэгч, онц идэр түмэн эх ТҮМЭН БАЯР ЦОГЦОЛСОН АМГАЛАНТ ХҮЛЭГ" хэмээн цололсон бичгийн сурвалж үлдэж хоцорчээ. Амгалант хүлэг түмэн эх хээр алаг морь бол биеэр өндөр, өвчүү өргөн, согоон чихтэй, дэл сүүлний ширхэг нарийн шингэхэн, үс торгомсог, арьс нимгэн, ташаа өргөн, ханхар цээжтэй, халтар амтай, сайхан хар бор хээр гэмээр зүстэй, дөрвөн шийр цагаан, зөв талын хаан дээр алаг дарам хир хэсэг цагаан үстэй, духандаа том сартай ажгуу.Ж.Саруулбуян /Сэцэнханы хүлэг/ номондоо "...туулай зоотой, чих урт нимгэн, хамар том сартгар, нүд хурц жижиг бүлтгэр..." гэж тэмдэглэсэн бий.Уяа орохдоо ардаг тул том хүүхэд унадаг, холын бараа харалгүй хоёр хөлын хоорондуур чигт хазаар даран, толгой хүзүүг шунган дарж нисэх шувуу мэт болж, давхил жигдэртэл ихэд дальж өрөөлдөн давхиж хүүхдээ чилээдэг байсан гэнэ. Хээр алгийг замын холоос үл шантран зоримог давхидаг, уяа заслыг ихэд нууцлан далдалж, гараа хүртэл морьтой улс хөтөлж очдог чухам хаанаас тавьж нийлүүлж байгаа нь мэдэгддэггүй байснаас барьж уралдах аргагүй байсан гэдэг. Булган аймгийн Дашинчилэнгийн хунтайжийн балгасаар нутагтай уяач Дондогийн дүү хөвчийн Пунцагдоржийн адуунд түмэн эх хээр алгийг машид чандлан хамгаалж малладаг байсан байна. Мөн Сэцэнханы хүлэг номонд "... Жасын Дэндэвийн Пунцагдорж дээр байгаад үхсэн... Толгойг хадгалж байгаад өвөлжөөндөө булсан. Тэднийх Хонхор станцын хавиар нутаглаж байсан. Үр сад нь одоо Зүүнхараад буй. Энэхүү домогт морины толгойг цагаан, шар өнгийн хэвээр нандигнан боож хойморын авдрандаа хадгалж байсан... " гэх зэргийг дурджээ.Түмэн эх хээр алгийг унаж байсан гэх Төв аймгийн Баянцагааны шоовой Очир гэдэг хүн "... Дорноговийн тайж адууны гарвалтай юм. Сайн эрийн гараар орж хөх Дондогт очсон юм. Иймд их нууцалж, Богдын нэрээр сүр далайлган баруун зүгт гаргасан учиртай... " гэж ярьдаг байсныг манлай уяач Д.Даваахүү сонссон гэж мэдээлж байв. Түмэн эх хээр алгийг өнгөлж уралдахыг больсон хойно хурдан адуу өсөж үржихийг билэгдэн нэгэн ууланд дархлан тавьсан, эсвэл эрдэнийн толгойг нь онголж хурдан удам судрыг нь хүсэмжилсэн тухай домог яриа байдаг. Их сүргийн хээр алаг түмэн эхийн уг гарвалыг чандлан нууцалсан бөгөөд үүнийг задруулах эрх хэнд ч байсангүй. Түмэн эх хээр алгийг Хэрлэнгийн Хэрээ гөхөлийн унаган адуу гэсэн мэдээ ч тодорхой үндэслэлгүй барин тавин уран сайхны зохиомж шинжтэй байна. Харин Сэцэнханы хошууны хурдан адууны удам сударт хээр алаг зүс ховорхон удамшиж илэрсэн нэг онцлог зүй тогтол ажиглагдаж байна. Тиймч учраас "Зүс нь хээр алаг юм зүүн чигийнх л лав биш..." хүний дундаас хүчтэй нь Намхай аварга, хүлгийн дотроос хурдан нь түмэн эх хээр алаг" гэсэн үг яриа дэлгэрч байжээ. Ер нь их сүргээс тодорсон түмэн эх хээр алгийг их шавийн адууны гаралтай гэж үзэх нь зүй ёсны хэрэг юм.
Ямар ч л гэсэн одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас анх их Даншигт торгон жолоогоо өргүүлсэн нь маргашгүй үнэн байна. "Алаг хээр " зүстэй хурдан хүлэг морьд одоо аль аймаг хошуунд олон төрж гарч байгааг уншигч та лав энэ номноос мэдрэх буй заа.Түшээт ханы Баатар вангийн нутгийн хойд захаар орших нэгэн ууланд их сүргийн түмэн эхийг онголон сул тавьж сэтэр гүйлгэсэн домогтой гэдэг. Тэр уулын нэрийг сольж, Дархан хээр алгийн уул гэх болсон баттай аман мэдээ бий. Хожим уулын нэр товчлогдож Дархан уул болжээ. Одоо тэнд Дархан-Уул аймаг байгуулагджээ. Тэр уулын тахилын савдаг нь томоо модон морь байсан байна.Монгол улсын алдарт уяач "орос" Болд маш сонирхолтой, ач холбогдол бүхий аман мэдээг дамжуулж билээ. Түүнийг арван хэдтэй байхад Баянчандманы ард Төрийн Сундуй гэдэг өвгөн дараах зүйлийг ярьжээ.
Хээр алгийг түрүүлсэн наадмын үеэр Жасын хөх Дондогийн майханд нэгэн гэлэн ирж айраг уугаад: "Танай адуунд миний алдсан нэг адуу байна даа" гэжээ. Юун адуу вэ? гэхэд: Энэ хээр алаг бол миний хулгайд алдсан үрээ мөн байна гэжээ. Тэгэхэд хөх Дондог хилэгнэн "Богд эзэн чиний адууг хулгайлж уралдуулсан болж байна уу. Үүнийг хөөж гаргаад ташуурд" гэжээ. Хоёр залуу ирж нөгөө ламыг нэвширтэл зодоод ам өчгийг нь аваад тавьсан гэдэг. Тэр лам бол жороо хонгор халзан морь унасан нэр нь Гэлэгяримпил гэгч байсан гэнэ.Ж.Дамдины найраглалд гардаг Хараа, Бороогоор дамжин Богдын хүрээ ордог хөлтэй панзчин Гэлэгяримпил ламтан алдарт түмэн эх хээр алгийн эрдэнэт толгойг хожим төрсөн нутаг усанд нь онголж тахих болсон юм биш байгаа гэж бодном. Учир нь 1921 онд Хунтайжийн балгас орчимд 27 настайдаа түмэн эх хээр алгийг үхжээ гэсэн байна. Юутай ч гэсэн Хүннүгий дивангарын домогт бичигдсэн "алаг адуу"-ны удам их сүргийн хээр алаг түмэн эх бол Булганхангай нутгийн цуут хүлгүүдийн манлай нь билээ хэмээгээд энэхүү нугалбарыг төгсгөвэй.
Д.Даваа