Дотоод мэдээ

Гэндэнжавын Батсайхан

Завхан аймгийн Яруу сумын уугуул олонд хувилгаан хэмээн алдаршсан энэ буянтан Орхон аймгийн Баян-Өндөр, Улаанбаатар хотын Хан-Уул гэж хурдан хүлгийн цуваанд үлдсэн нь бий. Энэ хүний өвөг эцгийн дүү Сүхбаатарт цэргийн алба хаагаад буцахдаа хоёр үрээ авчирсан нь нутгийн Тэс угшлын адуутай нийлж улаан буурал зүстэй сайн адуу байжээ. Өвөг эцгээс энэ удмын 20 гаруй адуу өвлөгдөж үлдсэн хэмээдэг.

Хүй Мандал галын уяач Г.Батсайхан улс бүсийн уралдаанаас долоон айраг авч улсын алдартад тун дөхсөн байлаа. 2012 оны Дундговь аймагт болсон бороотой бүсийн уралдаанд Цэнхэрмандал унаган бор соёолон түрүүлж байсан. Түүнээс хоёр жилийн дараа Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдааны сонгомол бага насны ангилалд хээр даага айргийн таваар давхисан. Хээр даага улсад халтар азарга айрагдуулдаг Махвалын Англи халтар азарганы төл юм. Монгол улсын алдарт уяач Эрдэнэбатын Баянзул энэ хүний морьдын уяа сойлгыг тааруулж байсан юм. Түвшинширээгийн Мижээ гэж хүн ач хүүгээ үзүүлээд, шавь орж дөрвөн адуу бэлэглэж нэг хүрэн үрээ нь улсын наадамд наймд давхиад, Завханы ойд айрагдсан. Энэ мэт жишээ олон бий.

Эдийн засагч мэргэжилтэй ч, зовж зүдэрсэн олон хүнд ач буян, эрдэм увдисаа үзүүлсэн буянтан юм.