Домог, хууч яриа

Доржсүрэнгийн Ганзориг

Сүүлийн 15 жил Завхан аймгийн баяр наадмаас айраг түрүү алдаагүй нэгэн лут уяач бий бөлгөө. Түүнийг улаан Ганаа буюу Доржсүрэнгийн Ганзориг гэнэ. Цэцэн-Уулын уугуул, Цагаанхайрханы суугуул. Бүр дээд угшилаа яривал Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум болно. 2007 онд анх морь уяж эхэлсэн жилээ сумдын баяр наадмаас 14 айраг авч байсан хүн. Удалгүй суманд наадаж ханаад аймгийн баярт наадах болсон. 2009 онд Цэцэн-Уулын Жигжсүрэнгийн адууны хээр үрээ аймгийн баярт айрагдуулсан. Жигжсүрэнгийн Чулуунбатын хондон гэж Завханы 80 жилд айрагдаж байсан хурдтай айл. Энэ цаг мөчөөс хойш өнөөг хүртэл аймгийн баярт айраг алгасч үзээгүй яваа уяач.

2020 оны аймгийнхаа баяр наадамд 13 их морь уяж иржээ. Сунгаанд дээж хээр, гоё хээр гэгч морьд нь хурдан байлаа. Их наадамд бүртгүүлээд эргэтэл комисст ажиллаж байсан бүсгүй “Энэ улаан Ганаа гээч сонин нөхөр юм даа. Энэ олон морь нь хоцрохвий дээ…” гэж байв. Их наадамд хоёр хээр морь балчир хүүхэдтэй уралдаж Тосонгийн Болдын хонгор морьтой ойрхон орж аман хүзүүдсэн юм. 2-6 д Д.Ганзоригийн уяанаас завсаргүй таван их морь хийлээ. Түвшинбатын шарга гэж бага насандаа аймагт айрагдсан өөрийнх нь зарсан морь, Шүхэржавын Баярмагнайн бор хээр морьд айрагдлаа. Долоод түүний уяагүй өөр морь орж, 8,9 д дахиад хоёр морь давхив. Аравт гаднаас, 11, 12-д дахиад эдний уяаны морьд орлоо. Ингэж эхний эхний 13 моринд 9 морь нь багтаж улс даяар байхгүй амжилтыг гаргасан юм. Мөн уясан 13 морь нь бүгд 20 дотор давхисан гэж байгаа.

2013 оны Завхан аймгийн ойд хүрэн даага уяж ирээд хүүхэд номероо сольж цуваанд Доржготовын Биндэрьяагийн цавьдар гэж бичигдсэн байгаа. Энэ хүрэн дахин гурван жил дараалан айрагдаж Төмөрбаатарын Самбуу-Ёндонгийн хүрэн гэж алдаршсан юм.

Ер нь айраг түрүү авч өгөөд цолд хүрсэн хүн 25 хүрсэн байхаа гэж хуучилдаг. Завханы анхны эмэгтэй аймгийн алдарт уяач ч энэ галаас тодорсон. Бамбарууш гэж хурдан хүрэн халзан адуу тодорсон. Цэгмидийн Ганболд, Гантулга гэж ах дүү хоёр сайн наадсан. Ц.Ганболдын буурал бол зартай морьдын нэг. Олон ч айрагдсан. 2014 онд Завхан аймгийн баяр наадамд их нас, шүдлэн хоёроос бусад насанд морь түрүүлгэж, сонгомолд гурван айраг нийт 4 түрүү 8 айраг авч оны шилдэг уяачаар өрсөлдөгчгүй шалгарч байв.

Зөвхөн Завхан аймгийн наадамд хоёр даага угсарч, гурван хязаалан дараалж, мөн гурван соёолон дараагаараа айрагдаж, нас бүрт гайхуулсан. Баатарсүрэнгийн хээр гээч морийг бага насанд нь хоёр айрагдуулаад нийлсэн хойноо хоёр айрагдсан. Нэг жил нь Шүхэржавын Баярмагнайн нэрээр, нэг жил нь Войс шоуны оролцогч эмэгтэй Баатарсүрэнгийн Биндэрьяагийн нэрээр айрагдаж байсан юм.

Зөвхөн Завхан аймгийн наадам дээр ярихад л ийм. Сумдын ой, аймгийн бүс яривал бүр хэтийднэ. Эрдэнэхайрханы Харганы Салааны овоо тахилгад нэг жил даага уяж очжээ. Нүүдэл таараад зав зай ч хомс байв. Даага нь түрүүлж ирээд хүн рүү орчихлоо. Хойтон жил нь нэлээд зорилготой ирж наадан дөрвөн түрүүг нь авч, шүдлэн, азарга хоёр нь аман хүзүүдэж өөрийн сумын Аргалантын морьд тэр хоёр насанд түрүүлж байсан юм. Цэцэн-Уулын хаврын бүсэд зургаан насанд морь айрагдуулж байлаа.
Д.Ганзоригийн энэ мэт алдрыг яривал дуусахгүй юм болно. Их бага наадмын 1000 айраг лав авсан байхаа гэж ярьдаг. Аймагтаа л нэг жил 4 түрүү 8 айраг авдаг хүнд тэр хэмжээний айраг түрүү авах боломж нөөц бүрэн бий бөлгөө.

Эдний гал уяаны уяач, холбооны дэд тэргүүн Даваанямын Батбаяр халиун үрээ аймгийн баярт аман хүзүүдүүлж, Идэрийн ойд зургаад хурдлуулжээ. Энэ морийг шүдлэн үрээ Увсын Баруунтуруунаас авч уяж сайн наадсан. Сүүлд аймагтаа шарга шүдлэн түрүүлж, бор үрээ сонгомол ангилалд аймагтаа хоёр айрагдуулжээ.