Домог, хууч яриа

Төмөржавын хээр

Дундговь аймгийн Цагаандэлгэрийн тэргүүн уяачийн нэгэнд зүй ёсоор орох хүн юм. Бүдүүний Дэндэвийн унаган хязаалан хээр үрээг (сунгааны өмнөхөн) худалдан авч сургаад уяхад 7-оод давхижээ. Цагаандэлгэрийн Бүдүүний Дэндэв аймаг, орон нутгийн наадамд олон морь айрагдуулж, түрүүлүүлсэн, маш сайн адуутай хүн байлаа. Эдний адуу Галшарьн «Монхор» Халтарын нэрт хурдан адууны угшилтай юм. Нэгдэлжих хөдөлгөөний үеэр нийгэмчлэгдэж улмаар ороо догшин гэдгээр өөчлөгдөн Дэлгэрцогт руу адуу шилжүүлэхэд бөөнөөр нь шилжүүлсэн гэдэг.

Төмөржав хээр морио соёолонд нь Цагаандэлгэрт их өргөн наадам болж Баянцагаан, Баянжаргалан (Нялга), Баян, Сүмбэр,Дэрэн зэрэг сумдаас морь иржээ. Энэ наадамд хээр соёолон хол түрүүлж сайн их насны морь болохоо харуулсан байна.

Давхар уяагаар Говь-Угтаалд ирж тасархай хол түрүүлж ирээд гуанзан дээр байсан олон морьтон уруу давхиж очоод хүн хөтлөөд барианы газар руу тавихад тэр хооронд арын морьд ирээгүй байсан гэдэг. Энэ наадамд Дорноговийн Их жаргалангийн «шүгэл» Шагдарын хул гэдэг хурдан азарга түрүүлж байжээ. Мөн «шилийн» Гүрийн модон зээрд (хязаалан) Дэрэнгийн «сарьсан» Тавхайн «цуурхай» улаан гэдэг морь тус тус түрүүлж байжээ.

 

Хавчиг 6-тайдаа сумандаа аман хүзүүдээд Сүмбэрт 7-д давхиснаас хойш 21 хүртэл нь «ганц торгон дээлтэй хүн» шиг ер өнжилгүй зарим жил 3-4 удаа уралдуулж айраг түрүүнээс салаагүй гэдэг. Бүрэн бус мэдээгээр 10 гаруй түрүүлж, 10 гаруй айрагджээ. 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар наадамд сумнаасаа шалгаран аймагт ирж уралдан түрүүлж улсад очиж уралдах урилга авч улмаар Баянцагааны Г.Мөнхтэй нийлэн улсын наадамд явжээ. Хойшоо явах үед нь Дашдоо уулзаж 1 шүдлэн үрээ өгч явуулая гээд (уяулахаар) хээр морио олон сунгасны хэрэггүй, урьд нь хэд хэд уралдсан тамираар онцгүй байгаа шүү харин хусран гүүний саамаар саамлахад буруугүй гэж захижээ. Энэ дагуу нь саамалж 1 сунгасан байна. Долооны бүрдэд их насны 173 морь сунгахад урьд жил нь улсад айрагдсан 3 морь байсан бөгөөд хээр морь хол түрүүлж Баянцагааны Банзрагчийн аварга зээрд аман хүзүүдэж байжээ.

Наадмын газар очих замд урьдын танил Донойдоогийн Гал гуай «хээр морио сайхан авчирчээ. Чи саамалдаг юмаа эцэнхий гэж босгыг нь дутуудуулав» гээд явсан байна. Богд уулын зүүн урьд талын сунгаанд Галын хүрэн морь түрүүлсэн байжээ.

Морь мордохын өмнө Гал гуай ирж үзээд дархан айрагдахаар байна гэжээ. Морь эргэхийн багцаанд Буянт ухаа, Алдар толгойг дайран нарийхан ташуурын сур шиг их устай бороо дайран өнгөрсөнөөс уулын ус Алдар толгойн дэргэдэх сайраар урсаж байжээ. Их насны 439 морь уралдсан бөгөөд Айдасын даваан дээр Галын хүрэн, баруун аймгаас нрсэн хээр морьтой гурвуул тасархай ирж давааны ар уруу түрүүлэн орж Галын хүрэн ар дээр нь явчихжээ. Алдар толгой өнгөрөөд сайраар гүйсэн усан дээр хээрморь түрүүлж ирсэн боловч уснаас үргээд гарч өгөхгүй байсаар 20-иод морьдын дунд хавчуулагдан байж гараад сул юм шиг давхисаар 11-д орсон байна. Энэ наадамд Галын хүрэн морь түрүүлжээ. Морь ирсэний дараа Гал ирж уулзаад энэ бороо ганцхан чамд зориулагдсан бороо байжээ.

Улсын босгө өндөр шүү дээ хүү минь ганцхан удаа "ирээд айрагдаж түрүүлнэ гэдэг тэр болгон хүнд тохиох аз бишээ. Ирэх жил дахиад ирээрэй гэж байжээ. Наадмын дараа ашиглалтад ороод удаагүй байсан морин тойруулгын нээлтэнд 340 гаруй морь 16 километр-т уралдахад 14 минут 10 секунт хурдлан түрүүлжээ. Эдгээрээс үзэхэд хэр хурдан морь байсан нь ойлгогдоно. Мөн эдний унаган хар ногоон морь 200-аад км газрыг 10 цаг орчим хугацаанд туулж байсан байна. Энэ хар морь Ухаа тэвшийн гашуун гэдэг газар босоогоороо үхэж толгойг нь Араг өндөрийн оройд тахиж жил болгон шар тосоор тосолж сэргээдэг байжээ. Сүүл үед Дашдоогийн адууны угшилтай зэгэл хонгор халзан морь Төмөр замын 18 р зөрлөгийн наадамд Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь зэрэг аймгийн олон сум нийлж хийсэн наадамд 300 гаруй мориноос түрүүлжээ.

Сумандаа 2 түрүүлж, 3 айрагдаж, даагандаа 1 түрүүлж, 1 аман хүзүүдээд шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлж, соёолондоо сумандаа аман хүзүүдээд нууц товчооны Даншиг наадамд 11-д давхисан хурдан хүрэн азарга зэрэг хурдуудтай хүн юм. Энэ халзангийн эцэг нь Нялгын халзан Бадарчийн унаган хонгор азарга байлаа.    

Д.Дашдорж, Г.Бөхчулуун “Найман өрөө тоос” номноос...