Шаргын тууль
Талын цэлгэрхэн элгэнд тэр ханиа нутаглуулжээ. Наадмын улирал айсуйн энэ цагт сэтгэлийн эмзэглэлт дурсамж өдөр өдрөөр тодосч бодол зүрхний ховдол хайрлан өрөвдөх хийгээд хагацахуйн гунигт хэмнэлээр зэрэгцэн лугших бөлгөө. Бид нэгнийхээ амьдралд тохиолдсон ээдрээ зовлонг тэр бүр мэдэхгүй.
Бас нэг нэгийнхээ хэзээ ч үл сонсч мэдэх гайхамшигт амьдралаар амьдарч буйг нь ч үл анзааран аж төрөх билээ. Үүнийг бичигчийн ишлэн хэлэхийг хүсдэг нэгэн ухаантны үгийг дахин хэлмээр санагдана. Энэ нь “Амьдрал бол өнгөрсөн өдрүүд биш, ахин дурсагдах өдрүүд юм” гэсэн үг билээ. Үнэхээр л амьдрал ахин дурсагдах өдрүүдээр бүтэх агаад, тэрхүү ахин дурсагдахуйн замд аз жаргал, зовлон гуниг, инээд хөөр, сайхан сэтгэл бүгд ээлжлэн оршино. Одоо би уншигч та бүхэндээ ийм л нэг ахин дурсагдахын замаар мөшгөн сурвалжилсан тууль мэт уярам үнэн түүхийг ярьж өгье.
Залуу эр Э.Эрдэнэчулуун гэргий А.Агваанцэцэгтэйгээ ханилан сууж, аавын гэрээс голомт таслан аз жаргалтай амьдралаа асаасан нь 1980-аад оны дунд үе. Удалгүй анхны охин нь төржээ. Энэ бол наян зургаан он юм. Анхны үрээ тэвэрч баярлалдсан залуу хосод ингэж баярлахтай зэрэгцэн нэгэн гайт өвчний халдвар эхнэрийг нь өвчлүүлжээ. Эмнэлгийн ажилтнуудын ноолгор унхиагүйн харгайгаар тариурын шараар өвдсөн нь хожмын хагацлын үндсийг тавьсан байна. Ингээд залуу сайхан эхнэр нь элэгний өвчтэй болсон ч амьдралын ая дант хэмнэлд эхэндээ төдийлөн мэдэгдэхгүй яваад байж. Эрдэнэбатын Эрдэнэчулууны уг гарвал сурвалж нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. Ээжийн талынхан нь Архангайн чигийн хүмүүс бөгөөд тэдний дунд зэгсэн сайн уяач явсан лам нар байжээ. Энэ удам угшил нь нөлөөлсөн үү, хэдий хотод төрж өссөн авто жолоочийн мэргэжилтэй Э.Эрдэнэчулуун нэг л мэдэхэд хурдан морь, адууны үнэнхүү хорхойтон болсон байжээ. Ингээд ерэн дөрвөн оны хавар Хэнтийн Галшар суманд хурдны удамтай адуу сонирхож, үнэ таарч, сэтгэл шилбэл авах хүслээр тэр хавийн нутгийн айлуудаар өөрийн анд Зулзага хэмээх Доржийн хамтаар бууж мордон хэд хоног явжээ.
Чингэж явахдаа ханийнхаа элгэнд эмчилгээ болгож “Саамыг нь уулгая” гэж сэтгээд тэндхийн Будаа нэрт хүнээс нэгэн сайхан цагаан гүү худалдан авсан байна. Гэвч Будаа шууд л “Хөтлөөд яв” гээд өгчихсөнгүй. Бас жаахан үнэрхэх янзтай байсан бололтой, ингэхэд нь нөхрийг хүндэтгэсэн Зулзага Дорж “Өөрийн адуунаас сайн угшилтай унагатай гүү өгье” хэмээсний хүчээр хоёр нөхөр өнөө цагаан гүүг ногтолж чаджээ. Цагаан гүү хусран байсан бөгөөд нэгэн охин шарга даага дагуулан ирснийг Э.Эрдэнэчулуун “Морин тойруулга”-ын майжиг халтар азаргандаа хураалгаснаар Галшарын ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт идээшиж эхэлсэн түүхтэй байна.
Цагаан гүү Э.Эрдэнэчулууны сүрэгт нийлүүлэгдсэнийхээ дараа жил нэгэн сайхан гал шарга унага төрүүлэв гэнэ. Мөнхүү унага үзтэл хайр төрөм, эгэл биш амьтан байсан гэнэ. Тэр мөртөө хүнээс ер бишүүрхдэггүй, хүүхдээр бол хэнд ч болов очоод тэврүүлж байдаг хөөрхөн золиг байжээ. Шарга унаганы эх, цагаан гүүний саамыг эртнээс хүсэмжлэн тийнхүү явдал суудал болсон болохоор гэргийдээ өгчээ. Хүнд сэтгэл нийлж, элэг татсан ханиас илүү сайхан нь хаа билээ. Э.Эрдэнэчулуун ч хүний хайлан болсон залуу сайхан эхнэртээ үлэмжийн хайртай байв. Тийм ч учраас түүнийхээ амь амьдралын төлөө өөрөөсөө гарах хүч чадал, ухаан бодлоо дайчилсныг та одоохон унших болно. Түүний сайн, сайхан эхнэр мөнөөх энхрий уяхан сэтгэлийг аяндаа төрүүлэх шарга унаганы бүлээхэн уруулаараа шимэн хөхөх халуун саамаас хуваалцахыг хүсээгүй байна. Эх хүний заяамал уяхан сэтгэлээс гадна энхрий яруухан тэрхүү шарга унага бүсгүйн сэтгэлийг ер бусаар хөндсөн бололтой. Ингээд “Энэ хөөрхөн амьтан саамаа бүтэн хөхөг дээ. Би үүний сүүнээс хороолцож яах вэ” хэмээж, өөр гүүний саам ууна гэж эрслэн зүтгэснээр, мөнхүү шарга унага бүтэн саамаа хөхөж, бүлээхэн зүсээ тольдуулсан аюулын сайхан амьтан болжээ. Ганайсан сайхан шарга даага 1997 оны улсын наадмаар данайтал давхиж ирээд айргийн тавд ордоггүй юу. Уншигч та санаж л байгаа байх. Уяач эзэн нь ч баярлаж байсан нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө саамыг нь эхнэртээ уулгах гэж авчирсан цагаан гүүний унага шүү дээ. Тэр шарга унага эздийнхээ сэтгэлийг, ялангуяа эхийн нь халуун сүүг хуваалцаагүй эзэгтэйдээ “сэтгэлийн өр” төлөх мэт юм болжээ. Гэвч энэ үед шарга адуут айлын эхнэрийн бие улам бүр өвдсөөр байлаа. Эвлэж, тэтгэж амьдарсаар л байж. Дараа жилийн нь хавар шарга үрээ бас нэгэн шарга дүү дагуулж, мөнөөх цагаан гүү Э.Эрдэнэчулууныд ирсээр хоёр дахь эр шарга унагаа төрүүлсэн байна.
Энэхүү хоёр шарга адуу Эрдэнэбатын Эрдэнэчулуун хэмээх нэрт уяачийг Монголын ард түмэнд тод томруунаар таниулсныг бид нэгэнт мэдэх болжээ. Гэвч хамгийн гол нь Э.Эрдэнэчулуун уяач, энэ хоёр шарга хүлгийн тууль нь чухам юундаа гайхамшигтай болохыг одоо өгүүлье.
2000 оны Үндэсний их баяр наадмын соёолон морины уралдааныг уншигч та эргэн нэг сана. Яагаав, цэгээн дэлтэй өндөр шарга үрээ түрүүлэн давхиж явснаа хол саахалтад хадуурч, наадамч олны зүрхийг эмзэглүүлэн бахдуулан байж, буцан уралдааны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй суга орхин давхисаар хол саахалтын зайд түрүүлж ирдэггүй юү. Шарга үрээгээ түрүүлүүлсэн Э.Эрдэнэчулуун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд очлоо. Тэнд хамт очсон эхнэрийн нь бие дордож, эмнэлэг домнолго болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алдсан байна. Гайхам хурдан шарга үрээний нь дүү ганц шарга адуу үлджээ, одоо. Яагаад ч юм, тэр хөөрхий шарга үрээ, Э.Эрдэнэчулууны эхнэр хоёрт ямар нэг амь сэжмийн холбоо байсан мэт санагдана. Тэр хоёрын аль нэгээс л орчлон уйдсан юм шиг. Эхлээд саамыг нь уухаасаа татгалзаж шаргаа өсгөсөн, дараа нь шарга нь түрүүлж тэднийгээ баярлуулсан, тэгээд дараа нь эзэгтэйн бие өвдөхтэй зэрэгцэн шарга уяаны гам алдсанаас эндэж хорвоог орхисон. Ямар нэг нөхөлдөхүйн сэжим холбоо буй юм шиг л дүр зураг ажиглагдана.
Энэ явдлын дараа Э.Эрдэнэчулууны эхнэрийн бие улам мууджээ. Баялаг болж байсан байр орон сууц, ер юм бүхнээ заржээ. Ингээд байдгаа хамж шимж байж жар, далан мянган ам.долларын үнэтэй элэг солиулах хагалгаанд Бээжин хотноо орсон байна. Амжилттай. Эв эрүүл, саруул сайхан эхнэрээ хараад Э.Эрдэнэчулуун элэг бүтэн аз жаргалын амтыг чухамхүү мэдэрсэн юм. Гэвч энэ сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа дахин өвдөж эхэлжээ. Энэ нь 2004 оны зургадугаар сарын үес юм. Дахин хагалгаанд орох шаардлагатай байлаа. Э.Эрдэнэчулуунд шарга азаргатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүхнийг шаргадаа даатган найдсан байна. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар хэрэгтэй.
Эрэнэбатын Эрдэнэчулууны шарга азарга энэ зундаа дөрвөн том наадамд түрүүллээ. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бүхий дөрвөн уралдаанд урдаа улаан хөлтөн гаргасангүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуулахын төлөө “үр хүүхэд нь мэт” зүтгэсэн юм гэмээр. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынхаа хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай шагналын нь мөнгө эмчилгээний зардлыг бүрдүүлжээ. Э.Эрдэнэчулуун ч Бээжинд эмчлүүлж явсан эхнэртээ баяр хөөртэй очиж, шаргынхаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөндүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдээг. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан… болжээ.
Хорвоо орвонгоороо эргэсэн он жил. Э.Эрдэнэчулууны хатуужих, уйтан давчуу хорвоотой эвлэрэн дасах он жилүүд эхэлсэн байна. Үхсэнээс үлдсэн шарга нь ч тийнхүү хөлс хүчээрээ амины нь төлөө “зүтгэсэн” эзний нь эхнэр, ах шаргын нь сүүг авч уугаагүй нинжин сэтгэлт ачтан бүсгүй хорвоод үлдэж чадаагүйд гашуудсан мэт 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй байсан нь үнэн ажээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гунигаа мартсан мэт дахин цойлон түрүүлж эзнийхээ сэтгэлийг дахин цэлмээгээд байгаа юм.
Э.Эрдэнэчулуун, түүний их хорвоогоос буцсан эхнэр, эр хонгор шаргуудаас бүрдсэн ийм нэгэн тууль бий ажээ. Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун “Уяхан, өрөвчхөн сэтгэлтний дээд байсан даа, миний хань” хэмээн дурсах тэрхүү тэнгэрт одсон бүсгүйтэйгээ Хонхор өртөөнд анх танилцан дотносож, хожмын Монгол Улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбат хүр дүүгээ хүүхэд ахуйдаа барилдаж явахад нь хоёул элбэн цай цуй барин гүйж байсан нь ойрхны дурсамж ажээ.
Э.Эрдэнэчулуун түүний хайрт хань, эр хоёр шаргын энэ гайхамшигт туулийг эх орныхоо хүмүүст мэдүүлэхийг сайхан сэтгэлт хүмүүс сэдээд, нэгэнт ажил хэрэг болгоод байгаа юм билээ. Хүний хорвоогийн хамгийн сайхан нь хүн хүндээ сэтгэл тавьж, гэгээн сайхныг бусдад мэдрүүлэхээс өөр юусан билээ. Домог тууль тэртээ өмнийн, өнө холын байх албагүй ажээ.
Б.Золбаяр