Хөвсгөлийн хүлгүүд
Хөвсгөл аймгийн Бүрэн хаан сумын уяач Жадамба мурий саарал буюу хар нүдэн саарал гэж хязаалан үрээ шиг биетэй жижигхэн хурдан саарал морьтой байж. Саарал морины сүүл хажуу тийшээ мурий тул мурий гэж нэрлэжээ. Энэ саарал морь хорин дөрөв хүртэл наслахдаа хорин хоёр түрүүлжээ. Саарал морь моринд баригдвал гарч чаддаггүй. Хэрэв гарчихвал гүйцэгддэгтүй байсан юм.
1971 оны Хөвсгөл аймгийн наадамд Тэмээн бор гээч морьтой хамт нэг уяанд уягдан очжээ. Тэр наадамд мурий саарал гурван км орчим тасархай түрүүлж Тэмээн бор аман хүзүүнд ирхэд дараагийн мориноосоо хоёр км орчим тасархай иржээ. Давхиж ирсний нь дараа уяа тойруулаад хоёуланг нь хөдөлгөж байхыг харахад унагатай гүү хөтлөөд явж байгаа юм шиг харагдаж байжээ.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол, түлээг зөөдөг тэрэгний шарга морь байв. 1956 оны наадмын үеэр тэрэгчин шарга морьтойгоо аймаг орсон байжээ. Наадамчин олон бужигнаад л шарга морь нь уяан дээр унтаад л байж гэнэ. Тэгсэн нэг хүн энэ хурдан морь байна гэсэнд сумын хоршооны ажилчин Довдон шарга мориныхоо сүүлийг боогоод тавьж орхитол түрүүлж иржээ. Тэгэхэд ардын хувьсгалын 35 , аймаг байгуулагдсаны 5 жилийн ойн их баяр наадам болж байжээ. Мөн аймгийн ХIХ баазын жолооч Мядагдамбын хүү нь морь уяна, хүнээс хурдан морь авч өг гэжээ. Мядагдамба хүүгээ аргацаан хүнээс хурдан морь аваад яадаг юм бэ? Миний хүү тэрэгнийхээ морийг уячих гэжээ. 1959 оны тэр наадамд Мядагдамбын тэрэгний улаан морь тасархай түрүүлжээ