Гаанжуурйн Сундуйн шарга
Төв аймгийн Баянцагаан сумын Ганжуурын Сундуйн шарга морь улсын их баяр наадамд 1969, 1970 онд түрүүлж, 1973 онд аман хүзүүдэж, 1974 онд айрагдаж, аймаг сумын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг айрагдсан хурдан хүлэг юм. Шарга морь уяа ороод ирхээрээ шүлсээ гоожуулан толгойгоо гудайлган дөрвөн хөлөө хумин үргэлж унтдаг байв. Давхил ороод ирэхээрээ хөлийн доорх шороо нь замхарч амжахгүй бөөн бөөн бумбан тоос ард нь үлдэн задарч туурайн төвөргөө нь их болдог байж. Ерөнхий давхилыг нь хөндлөнгөөс харахад их удаан давхиж байх мэт намирсан зөөлөн давхилтай харагддаг боловч мориноос амархан зайлдаг адуу юм. Шарга морины туурай нь их гүн аяга хөмөрсөн мэт, хошного нилээд цаана, ахар сүүл их урт, зан ааль амгалан тайван, уурганд номхон адуу байжээ.
Хурдан шарга морины гарал үүсэл
1950-аад оны сүүлчээр данх Дэмчиг гэдэг хүний унаган шарга байдсыг Буянгийн Түвдэнжанцан худалдан аваад Хэнтий аймгийн Дархан сумын уяач Н.Лувсандугарт өгчээ. Лувсандугар олонд оонон хэмээн алдаршсан хүргэн ах Ц.Гэндэнгийн хээр азарганд хураалгаж эр шарга унага төрсөн байна. Улмаар энэхүү шарга морь сонгуулиар нэг түрүүлж 1966 онд Дархан сумын наадамд түрүүлж байсан. Мөн Баянмөнх суманд Ооёо Батсүхийн хонгорыг түрүүлэхэд аман хүзүүдсэн байна. Ийнхүү Лувсандугарын шарга морийг 1966 оны өвөл Төв аймгийн Баянцагаан сумын МУМУяач Ганжуурын Сундуй худалдан авч 1969, 1970 оны улсын баяр наадамд түрүүлгэн 1973 онд аман хүзүүдүүлж, 1974 онд айргийн дөрөвт хурдлуулан халхын цуут хурдан буянгуудын нэгээр тодорсон билээ.
Хурдан шарга морийг худалдаж авсан түүхээс
Мал нийгэмчилж, социализм ялсан 1960-1970 оны эхэн үед төрийн албан хаагч, тэр тусмаа цагдаа, сэргийлэхийн байгууллагын ажилтан морь уяах, моринд дуртай байхыг нийгэм, хамт олны дунд хүлээн зөвшөөдөггүй уур амьсгал ноёолж байсан үе байлаа. Хэдийгээр сэргийлэхэд ажилтай байсан ч, Г.Сандуй гуай нэг их насны морь худалдаж авах санаа аль эрт төржээ . Бас хэдэн бор юмтай ч болсон юм байх. Урьд жил нь Хэнтий аймгийн Галшар суманд хавчиг хүрэн ч билүү морь түрүүлсэн гэж дуулжээ. Өвөл идэшний үеэр ажлаасаа арай хийж 3 хоногийн чөлөө аваад бас ажлынхаа машиныг хөлслөөд Галшар сум руу гарч гэнэ. Замдаа Хэнтийн Дархан сумын нутгаар орж, өвөлжөөндөө байгаа нэгэн айлд, нөгөө мориныхоо сургийг гаргах зорилгоор буужээ. “Энэ жил Галшар суманд ямар морь түрүүлэв дээ” гэж гэрийн эзнээс асууж. Гэрийн эзэн манай нутгийн тэрний шарга морь түрүүлсэн гэж. Тэгэхлээр нь лавшруулаад “тэр айл тань эндээс аль зэрэг хол байхав” гэжээ. Дөнгөж манай хажуухандаа гээд ойрхон газар зааж гэнэ. Гэрээс нь гараад нөгөө айлыг зорьжээ. Гэрт нь орсон чинь залуувтархан гэр бүл байна гэнэ. Мэнд усаан мэдэлцээд, хурдан морины тухай ярьж байгаад шарга морийг тань үзье, хэрэв зарахаар бол авсан ч яахав гэж хэлжээ. Шарга морины эзэн “үсгүй нүүр өгөж, авалцаад байдаг юм чинь, үстэйг ч өгөхөд яахав дээ” гэсэн нь их урам хайрлажээ. Эзэн шарга морио холгүй байсан тул тун удалгүй туугааад ирлээ гэнэ. Шарга морийг бариад өгөхөөр нь туурайг нь үзмээр санагджээ . Хөлийг нь өргөөд үзсэн чинь газрыг онхи татмаар жигтээхэн гүнзгий тууртай байжээ. Шууд л худалдаж авах санаа төрж, өвөрт нь 3000 төгрөг явсан тул түүгээрээ шарга морийг худалж авчээ. Шарга морио хавар эрт ирж авахаар тохиролцжээ. Ингэж хурдан шарга морь Сундуй гуай хоёр учирч, хурдан морь сонирхогч олны анхаарлыг татаж эхэлжээ. Мэдээж хашир уяач зөвхөн туураар нь шарга морийг шинжээгүй байх, хамгийн гол нь шарга морь үнэхээр сэтгэлд нь нийцэж, түүнийгээ баталгаажуулах алхам нь зөвхөн туурны зохион байгуулалт байсан байх.
Ганжуурын Сундуй гуай нэг дор гурав баярласан нь
Зуны эхэн сар болж гэнэ, ажлаас нь чөлөө өгдөггүй гэнэ.. Ажлын газраас нь амралтыг бас өгдөггүй гэнэ. Бага сунгааны урд өдөр арай хийж амралтаа аваад “Долоон” гэдэг сунгааны газарт аав нь ирж буунгуунт оройхон очиж, шарга морио таралвал хөдөлгөө нь сайнгүй байх шиг санагджээ. Нэлээн үнээр худалдаж авсан, бас багагүй олны анхаарлыг татах болсон морь тул давхил нь гарахгүй бол яана даа гэж залуу хүний сэтгэл нь багаүй шаналж хонож гэнэ. Маргааш өглөө нь шарга морио сунгаад мордуулчихаад, элсэн толгой дээр сууж үлдээд дурандаж харахыг урьдал болгожээ. Морьд гараад иртэл шарга морь нь тав дээр харагдсан чинь их баярлажээ, гэтэл удалгүй гуравт ороод ирж гэнэ, ахиад л их баярлаж гэнэ. Харин үзүүр дээрээ түрүүлсэн нь нэг дор 3 удаа баярлуулж, түүнээс илүү баярыг би сайн санаддагүй гэж ярих дуртай хүн байсан. Тэр жилдээ улсад очиж уралдаж, түрүүлсэн билээ. Хурдан морь анх удаа их үнээр авч уралдуулахад сэтгэл зүйн хувьд амаргүй даваа давдаг болох нь энэхүү алдарт уяачийн бодит амьдралаас харагдаж байна.