Домог, хууч яриа

Мөнгөн шувуу

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат улсын алдарт уяач Магсарын Ухнын алдарт хурдан хүлгүүдийн нэг мөнгөн шувуу хэмээх хонгор буурал морины түүхийг сонордуулья. Тэрээр 1996 онд Иххэт сумын 70 жилийн ойн наадамд Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 12 сумаас уяачид оролцсон, томоохон наадамд М.Ухна хонгор халзан соёолон түрүүлгэж, хээр хязаалан айргийн тавд хурдлуулж сайхан нааджээ. Тэр сайхан наадмын тэнгэр дор бас нэг сайхан тохиол болсон нь алдарт уяачийн маань наадамд авч явсан хонгор гүү унагалж хонгор буурал зүстэй эр унага гарчээ.

Наадамд хамт явсан Даланжаргалан сумын ААУ Б.Биндэрхуяг гуай (Бас л нутгийн сайн уяачдын нэг. Морины хоолыг км хэмжиж тохируулдаг байсан гэх) энэ унаганд “Мөнгөн шувуу” гэж нэр өгвөл яасан юм бэ? гэсэн санал хэлэхэд нь Ухна уяач наадмаар гарсан унага, сайхан нэр хоёрт бэлгэшээн дуртайяа зөвшөөрч хонгор буурал унагандаа “Мөнгөн шувуу” нэрийг авсан түүхтэй билээ.

Мөнгөн шувуу дааган цагаасаа хойш түрүү, айраг хоёроос хөндийрөлгүй явсаар 17 настайдаа Айраг сумын баяр наадамд айргийн дөрөвт хурдалж үнэхээрийн хурдан буян гэдгээ нотлон харуулсан юм.

**Удам угшил: **

Эх тал: Бага хул азраганы /1975 онд Дорноговь аймагт даага түрүүлсэн, аймаг суманд нийт 10 түрүүлж 8 айрагдсан/ охин төл хонгор гүү

Эцэг тал: Дэлгэрэх сумын улсын алдарт уяач  Г.Дамбын адууны Хонхот будан азарганы төл будан азарга / суманд 4 түрүүлж, 5 айрагдсан/

**Амжилт: **

Даага: 1997 он

- Айраг сумын баяр наадамд айргийн гурав

Шүдлэн: 1998 он

- Айраг сумын баяр наадамд аман хүзүү /Дашрамд дурдахад М.Ухнагуай 1998 онд Айраг сумын баяр наадамд 5 шүдлэн мордуулж 4 шүдлэн үрээ дараагаараа орж, 1 шүдлэн нь зургаад орж байсан түүхийн эзэн /

- Данзанравжаагийн 195 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт орсон ч зүс буруу бичигдсэнээс хоёр шүдлэн хасуулж байсан харамсалтай түүхтэй.

Хязаалан: 1999 он

- Говьсүмбэр Сүмбэр сум Боржигон бүсийн наадамд аман хүзүү,

- Даланжаргалан сум Боржигон-Туяа нэгдэл 60 жилийн ойн наадамд түрүү

Соёолон: 2000 он

- Айраг сумын баяр наадамд айргийн гурав

Их нас:

- 2003 он Айраг сум Монголросцветмет 30 жилийн ойн баяр наадам аман хүзүү

- 2004 он Адилбиш гуайн нэрэмжит наадамд аман хүзүү

- 2006 он Иххэт сумын 80 жилийн ойн наадамд аман хүзүү

- 2006 он Хэнтий Дархан сум Чойномийн 70 жилийн ойн наадамд аман хүзүү

- 2009 он Дундговь Өндөршил сумын наадамд аман хүзүү

- 2011 он Хэнтий Бор-Өндөр сум Уурхайн 30 жилийн ойн наадамд аман хүзүү

- 2012 он Хэнтий Бор-Өндөр сумын наадам аман хүзүү

- 2012 онд Айраг сумын баяр наадамд айргийн дөрөвт /17 настай морь/ тус тус хурдалж нийт 1 түрүү, 17 аман хүзүүдэж, 3 удаа айрагдсан Айраг нутгийн цуут хурдан ажнай болой.

Эх сурвалж: Пүрэвдорж Болдхуяг