Домог, хууч яриа

Монгол улсын алдарт уяач Дэлгэрэхийн Базаррагчаа

Монголчууд улсын бүсийн том уралдаан гэдгийг 1995 оны Сар хайрханы даншигаас эхлэн тооцдог. Тооцохоос ч аргагүй өргөн дэлгэр наадам юм даа. Энэ наадмын зургаан насны морьдын таван түрүүг Завханыхан авч хурдтай гэдгээ нотолсон юм. Шүдлэн насны морьдын уралдаанд Баянтэс сумын харьяат монгол улсын алдарт уяач Дэлгэрэхийн Базаррагчаа өөрийн унаган, хаа гуяндаа хас тамгатай хээр шүдлэн түрүүлгэж байлаа. Ингэж тэр монгол даяар нэрээ цуурайтуулсан. Баруун монголын нэрт уяачдын нэг аргагүй мөн юм. Энэ хээр Д.Базаррагчаагийн хээр гэж их насны морь болсон. Сумандаа сүүлд нэг түрүүлж, бүдүүрээд хадуураад уяж болоогүй гэдэг.

1994 онд Баянтэс сумынхаа 70 жилийн ойд аман хүзүүдсэн дүү Д.Гүррагчаагийн хээр морийг Сар хайрханд уяж зургаад, хурдан халтар даагаа мөн зургаад давхиулсан. Халтар даага нь 2000 оны Тэсийн даншигт түрүүлдэг хурдан сайн азарга болов. Энэ халтар хурдыг тарих шиг болсон адуу.

2000 оны Тэсийн даншиг наадамд халтар азарга түрүүлэхэд дүү Д.Гүррагчаагийн хүрэн соёолонг уяж айрагдуулсан. Энэ хүрэн Тэсийн голын унаган морь хээрүүдтэй хамаагүй адуу гэнэ.

Тэсийн даншгийн түрүү халтар азарга 2004 оны Баянтэс сумын 80 жилийн ойд мөн түрүүлэв. 2006 оны Сонгино сумын ойд халтар азарга аман хүзүүдэж, төл Дашдоржийн халтар азарга нь түрүүлж байлаа. Мөн оны Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. 2007 онд Түдэвтэй сумын 80 жилийн ойд аман хүзүүдээд 2008 оны Нөмрөг сумын сургуулийн 70 жилийн ойд түрүүлсэн. 2005 оны Увс аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. Гэтэл морь будилсан болж эхний 120 азаргыг хасаж үлдсэн цөөн азаргыг уралдуулж барьсан хэмээдэг. Ер нь морь будилдаг муу зуршлын уршгаар олон ч сайхан түмэн эхийг амжилт түүхээс арчигдсан нь харамсалтай.

Дашдоржийн халтар гэдэг мөн л эцгийн шийр хатаасан сайн адуу тодорч байлаа. Сумандаа даага шүдлэн хязаалан түрүүлээд, 2006 онд Сонгино сумын ойд түрүүлээд хулгай авсан. Гоц хурдан азарга тодроод хазаарын гүйлгээнд орсон.

Халтар азарганы төл Мөнгөн хөлт хэмээх зээрд азарга олон айрагдсан. Ер нь эцэг нэгтэй хээрийнхээ ард л байсан азарга. 2003 оны Завханы 80 жилийн ойд даага айрагдаж наадмаа эхлэв. Увс аймгийн 80 жилийн ойд хязаалан үрээ зургаалсан. 2006 онд Я.Санжмятавын ивээл дор зохион байгуулагдсан Завханы хойд бүсийн уралдаанд түрүүлж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт болсон аймгийн бүсэд аман хүзүүдсэн. 2007 онд Хотгойдын хурдад 9-д ороод, Түдэвтэйн ойн тавд (эцэг нэгтэй хээр нь түрүү) давхижээ. Түүний дараа жил Нөмрөгийн сургуулийн ойд гуравт ороход мөн л хээр нь түрүүлсэн. Дараа нь Баянтэсийн сургуулийн ойд аман хүзүүдсэн. 2009 онд Очирвааний хурд улсын бүсийн уралдаанд аравт, 2013 онд Нөмрөг сумын 90 жилийн ойд гуравт хурдалсан. 2014 онд 13 настай азарга Асгат сумын 30 жилийн ойд аман хүзүүдээд, Баянтэс сумынхаа 90 жилийн ойд төл хээр азарганыхаа ард аман хүзүүджээ.

Мөн л Тэсийн унаган гүүний үр, халтар азарганы төл эдний хүргэн Хүрэлбаатарын Чийбаатарын хээр азарга 2006 оны Сонгино сумын сумын ойд шүдлэн түрүүлж, Хөвсгөлийн Цэцэрлэгт болсон бүсийн уралдаанд түрүүлсэн. 2012 онд Өндөрхангайд болсон Хан хөхийн тахилгад түрүүлж ирээд хадуурч гуравт, Цэцэрлэг сумын 80 жилийн ойд азарга түрүү, 2013 онд Нөмрөг сумын 90 жилийн ойд түрүү, 2014 онд Асгатын 30 жилийн ойд түрүү, Баянтэс сумынхаа ойд тус тус түрүүлсэн. Гурван аймгийн нутагт айраг түрүү авч, таван сумын тэгш ойд түрүүлсэн хурдан хүлэг юм. Хүргэн Бибишийн гуулин хэмээх азарга Асгатын 30 жил, Баянтэсийн 90 жилийн ойд хээрийн ард аман хүзүүдэж байлаа.

Халтар азарганы ууган төл Бат-Очирын цолмон хэмээх их насны халтар морь Мөнгөн хөлттэй эх нэгтэй. Тэсийн нэгдэл адууны унаган гүүний үр. 2000 оны Тэсийн даншигт даага 11-т хурдалсан. 2003 оны Завхан аймгийн 80 жилийн ойд соёолон зургаалсан. 2009 оны Очирвааний хурдад дахиад зургаалсан. Батсүхийн Наранхүүгийн бор морьтой ойрхон орж зургаад баригджээ. Ингэж дааган цагаасаа улсын бүсийн том уралдаанд гурван удаа айргийн араар хурдалсан хүлэг юм. 2006 оны Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт болсон аймгийн бүсэд гуравт, Нөмрөгийн сургуулийн ойд түрүүлсэн. Хан Хөхийн төрийн тахилгад уралдаж түрүүлэхэд морь будилсан гээд маргааш нь дахин уралдах болж, маргааш нь тавд хурдалж сайн адуу байжээ. Их-Уулын П.Бямбасүрэнгийн хонгор морь дээрх уралдаанд хоёуланд нь уралдаж байжээ. Өм л дутсанаас хурд дутаагүй морь юм. Ингэж Д.Базаррагчаа алдарт ингэж ид үедээ Увсад хоёр удаа уралдаж хоёр түрүүгээ авч чадаагүй юм.

Баянтэс сумын түүхт 90 жилийн ойд унаган хүрэн их нас түрүү, унаган халтар хүрэн хязаалан айрагдаж, унаган хүрэн шүдлэн, хүрэн даага нь аман хүзүүдсэн юм. Сумынхаа баяр наадамд гурван түрүү, дөрвөн айраг, хоёр аман хүзүүтэй наадаж байсан цаг ч бий юм. Завхан аймгийн баяр наадамд газрын холоос харин тийм олон явж уралдсангүй. Харин баруун бүс, тойрсон сумдад хэрхэн уралдсаныг дээрх хэдэн эцэг нэгтэй адууны амжилтаас харсан биз ээ.

Дэлгэрэхийн Базаррагчаа цэргээс ирээд нутгийн шилдэг сайн уяачдын урд хойно явж, өсгөж, үржүүлж, сайжруулж, худалдаж нэгэн насаар хөдөлмөрлөж баруун монголын тэрхүү хурдан адууг бий болгосон. Баянтэс нэгдэлд бог мал маллаж, өсөх идэр наснаас адуунаас холдоогүй хүн. Ааваасаа багахан үлдэж, ээжийнхээ амьдралын түшиг болон үлдсэн энэ хүү өөрийн ажилч малч, уйгагүй хөдөлмөрийн үрээр адуужиж, хүлгийн дээдийн хурдлуулан нэрд гарчээ.