Хурган, Хараацай, Аргамаг
Хэрэв уншигч та сонгомол ангиллын уралдаан үздэг бас мэддэг бол энэ гурван нэрийг сонсоод сэтгэл чинь сэргэж байгаа биз. Монголын хамгийн хурдан хүлгүүд яг л энэ ангилалд уралддаг нь мадаггүй үнэн юм. Домог гэмээр гурван адуу. Хурган хонгор гэдэг адуу Дүнжингаравт дараалан түрүүлсэн. Улсын баяр наадамд хоёр айрагдаж, Завхан нутгийн түүхт ойд бас түрүүлжээ. Сайхан ухаа хонгор азарга өвөл зунгүй сайн давхиж байлаа. Нийслэлийн магнай хүлэг шалгаруулах уралдаанд гурав айрагдсан од гээч хул азарганы үр, англи зээрд халзан гүүний үр.
Аргамаг цавьдар гээч аатай хурдан адуу арай л эрт хөл муудсан шиг санагддаг. Монголын морин спорт уяачдын холбооны алтан азарга өргөмжлөлт Меломан хэмээх азарганы үр. Эх нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын аварга адуучин Лхагвын унаган шарга гүү.
Аргамаг цавьдар улсын наадамд нэг аман хүзүүдэж, Хамгийн хурдан ангилалд хоёр жил дараалж түрүүлсэн. Улсын бүсийн уралдаанд дөрөв түрүүлж, дөрөв аман хүзүүдсэн. Улсын бүсийн том уралдаанд зөвхөн түрүү аман хүзүүнд л хурдалж байсан домогт ажнай. Луу халтар, Хишигжаргалын цагаан, Ганбатын хар, Энхболдын хонгор, Ононгийн үзмэн, Ганболдын аянга бор, Чинзоригийн зээрд, төгс бор гээд монголын газар шороон дээр төрсөн адууны дээд хурдыг үзүүлдэг хүлгүүдтэй уралдаад ийм амжилт гаргасан гэхээр гайхалтай.
Агваан багшийн адууны эхтэй Хараацай гэж хурдан хүлэг мөн энэ хүний унаган адуу. Сонгомол ангилалд таван удаа айрагдсан. Ер нь нэгэн үе энэ гурван хурдан хүлэг сонгомол ангилалд хосоороо ч орж байсан удаатай. 2013 оны Завханы ойд сонгомол хоёр ангилалд түрүү авсан, 2015 оны Булганы бүсэд сонгомлын гурван ангилалд морь айрагдуулж, дээд дунд насанд нь түрүү авсан гээд гайхам амжилт олон билээ. Улс бүсийн том уралдааны 27 айрагны 23 нь сонгомол ангиллын айраг гэхээр хэр зиндааны хурдтай хүн бэ гэдэг нь ойлгогдоно.