Сонгиноос Партизанд ирсэн уяачид
Баярын Магвансүрэн гуай Завхан аймгийн Сонгино суманд төрж, гурван настай их нүүдлийн бурантаг сунгаж, тэмээний бөхөнд өлгөөтэй Партизанд ирсэн хүн юм. Баянчандманьд долоон жилийн сургууль дүүргэж, Дундговь аймгийн холбооны газар эдийн засагчаар ажиллаж байсан. Идэр насандаа барилдаж, аймгийн цол авсан гэнэ.
Манай Сонгины гаралтай хэдэн айл бүл өрх Партизанд ирж суурьшсан юм. Ямар учиртай тэгж унаган нутгаа орхиж, нэг дор төвхнөснийг мэдэхгүй.
Сонгино гаралтай Баянцогтын Цэрэндондов гэж хүн байв. Мөн л Партизанаар удсан. Шар хадны өвөлжөөнд манайхтай цуг өвөлжиж ч байсан. Тэр хүний хурдан бор морийг харин унаж улсын баярт айрагдсан даа. Тэр морийг улсад гурав айрагдсан гэж ярьдаг байлаа. Сайхан ч морь байсан. Нэг жил алаг соёолон нь унаж 78-д орж байв. Тэр үед морьдын тоо их олон цаг шүү дээ. 78-ыг дээгүүр орлоо л гэж тооцдог. Манайхантай айл байгаад эдний том охин хүнтэй суух болж, манайд хувцсаа нууж байгаад ЗИС5 машинтай хүн ирээд аваад явчихсан. Маргааш өглөө нь Дондов гуай ээжийг зодох шахаж билээ хөөрхий. Миний охины толгойг чи мэдэх боллоо гээд. Дөч эргэм насны жолооч Норовсамбуу гэдэг хүнтэй охин нь тэгж ханилсан юмдаг. Одоо бүгд л өөд болоо биз хөөрхий. Дараа үе болсон. Сонгино сумын 70 жилийн ойд очиход Дондов гуай их өндөр настай, таяг тулчихсан, энгэрээрээ дүүрэн одон тэмдэг болсон хүн байсан шүү. Очиж золгоход “Энэ чинь Цүлхээндэг (Б.Магвансүрэнгийн багын нэр)шив дээ” гэж байсан.
Ханджавын Намсрайжав гэж хүн байлаа. Ханджав ээж нь, дүү нь Ёндонжамц, Чулуунцэцэг гэж байсан. Хань бүл аваагүй хүн байхаа.
Нэг жил олон туранхай адуу туусан хүн Хүйн голоор ороод Шижирээр давсан. Энэ үед хэвтээд босдоггүй хээр морь үлдээгээд, оронд нь тоонд оруулах адуу гэж Намсрайжав гуайгаас гуйж бор байдас аваад явсан. Намсрай гуай үст хээрийг үхэх биз онд орохгүй гэдэг байлаа. Би шанагаар ус зөөж, өвс өгдөг тийм морь байсан. Хойтон жил нь сайхан тэнхэрч Партизаны нэгдлийн наадамд айрагдсан даа. Намсрай гуай Уртын гол тийшээ уядаг, өдөрлөг, бригадын наадамд унаж уралдаж байсан. Би ч моринд томдох талдаа болсон. Сүүлд улсын наадамд гурав айрагдсан гэдэг байсан(баттай цуваанд хоёр байдаг). Загдын Тогтох гэж хүүхэд л унадаг байсан болов уу. Үст хээр нэртэй байгаад сүүлдээ ноост хээр болсон шиг байна лээ.
Сонгино сумын гаралтай Очирбат гэж буриад эхнэртэй хүн мөн манайхантай айл аймаг явна. Архи ч их ууна. Партизанд Фестивалын ногоон гэж нэршсэн Цэрэндоржийн ногоон гэж сайхан морь байлаа. 1959 оны улсын нөгөө том фестивалын аль нэг ангилалд түрүүлсэн морь байсан болов уу. Намайг моринд томдсон байх цагт Очирбат гуай тэрэгний хээр морио унуулж уралдлаа. Би өвгөнөөс айгаад үгүй ч гэж хэлж чадаагүй. Хээр морь 10 км газар галзуу юм шиг яваад суучихдаг адуу байв. Морьд цаашаа явж байхад Цагаан дэрсний хонхорт үлдээд амдуулж тавилаа. Фестивалын ногоон ганцаараа Цагаан дэрсний хонхорт ирээд хээр морийг барианд дийлээгүй орж билээ. Би өвгөнийг мэдсэн болов уу гэж их айсан. Харин Очирбат гуай “Миний хээр моринд газар ойртож байна...” гэж халамцуухан явж билээ. Хүүхдийн барилдаан болж би түрүүлж, Сангийн аж ахуйн дарга Бадарчаас тулгат гэсэн цолны үнэмлэх авсан даа...
Түвдэндорж аваргын төрсөн дүү Цэрэндорж гуайн манайхан айл аймаг удсан. Хэдэн хүүхэдтэй нь барилдаж голдуу л би хаядагсан. Цэрэндорж гуай гэж дээгүүрээ нарийхан доогуураа өргөн сонин хүн байж билээ. Бид хоёр хамтдаа Шижирийн даваагаар хамт зургаан шараар түлээ татаж давж яваад уруу нь алдаж онхолдоод сүрхий бэртсэн дээ. Сүүлд гараа тайруулсан гэдэг байсан хөөрхий. Дахиж бид уулзаагүй юм.