М.Насанбатын аварга хээр
Насанбатын аварга хээр хэмээгч морь нийлээд сумандаа дөрөв түрүүлсэн, 2009 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, Очирвааний хурдад айрагдаж том довны аварга морь гэдгээ баталж билээ. Тэлмэний Жаргалын зам нэгдлийн адуу юм. Насаараа морь уясан Намсрайжавын Мөнх-Очир агсны тодруулсан морь, сүүлийн жилүүдэд хүү Насанбатын хээр гэж алдаршсан. Н.Мөнх-Очир орон нутагтаа нааддаг сайн уяачдын нэг билээ. Нэгдэл адуунаас хувьчлалд ирсэн азарганы үр. Хязаалан сумандаа түрүүлж, Эрдэнэхайрхан суманд аман хүзүүдсэн. Анхлан Нухуурын хээр гэцгээдэг байлаа. Энэ нь Насанбатын эгчтэй суусан хүргэний дууддаг нэр юм. Соёолон морь Тосонцэнгэлийн 80 жилийн ойд түрүүлж, сумандаа дахин түрүүлсэн. Завханы 80 жилийн ойд 23-т хурдалсан. Ялгасан гэгээний 140 жилийн ойн наадамд гуравт, Яруу сумын жороо адуут Мангалын 100 жилийн ойд мөн гуравт давхисан. Их уул сумын том баярт айрагдсан. Дунд нь Хотгойдын хурдад нэг яваад уяа буруудуулаад санасандаа хүртэл давхиулж чадаагүй. 2009 онд Очирвааньд айрагдсаны дараа Орхон аймаг руу Д.Чулуунбатын гал уяан дээр очиж хээр морио уясан. 2009-2010 оны үхэр жилийн ширүүн зуданд адуу ч хүч муутай орж. Зун нь тулгуухан тэжээж таргадуулаад Орхон аймгийн наадамд хөл нь муудсан юм. Энэ хээр морьтой нэгэн үед Тэлмэний Намнандоржийн хээр гэж нутаг адууны сайн их морь байсан. Аварга хээрт дарагдсанаас аргагүй сайн адуу байв. Тэлмэндээ хоёр аман хүзүүдэж, аймагт мөн аман хүзүүджээ.