Домог, хууч яриа

Шарын Гүр

Өдгөөгийн Дундговь аймгийн Өндөршил сумын нэрт уяач Шарын Гүрийн тухайд

Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны баян Борнойнх гэж малаар ч баян, хүүхдээр ч өнөр булан даасан айл байх. Эднийх Жадамба, улсад хүрэн азарга айрагдуулсан Цагаан-Өвгөн, Жадамба гэж гурван хүүтэй. Борнойн Жамъянгийн адууг маллаж хурдан сайн адуутай болох эхлэлээ Шарын Гүр тавьжээ. Адуучин Гүр угаасаа эртэч, ажилсаг, адуунд эртэй, барилддаг, сайн уургач байсны дээр итгэл даасан үнэнч шударга, гүндүүгүй эр хүн явсан аж. Найман атаар авсан гэх төө цагаан гаанс зуусан, аягын чинээ цагаан хөөрөг барьсан, архи дарс тааруулаад хүртчихдэг, цэцэн цэлмэг үгтэй, хөхрөөд л сайхан ярьдаг, ярьж дуусдаггүй яриатай, майхнаа ирттэл наадам дамждаг, нэгдэлд ерөөсөө ороогүй хүн гэнэ.

Борнойн Жамьянгийн жаахан зээрд гэдэг азарганы үр хар азарга нь Хэнтий аймгийн Дархан сумын наадамд очиход үзсэн шинжээчид “Голын баруун талд ийм унага төрөх болоогүй. Хэрлэнгийн зүүн талын унага биз...” хэмээн гайхаж байсан гэлцдэг. Энэ наадамд хар азарга түрүүлж, хээр морийг нь түрүүлж ирэхэд барианы адаг хүүхдийг нь авч хаяснаар нэгээр ухрааж аман хүзүүнд барьжээ.

Дарханы их уяач Чимиддоо “3а Гүр минь энэ удаагийн наадам тиймэрхүү болчихлоо. Ирэх жил ирж наадаарай” гэхэд Гүр “Ам бүл цөөнтэй над шиг хүний хувьд дахиад ирнэ гэхэд зэсүүлд суух нэг хүн, хүүхэд авч хаях бас нэг хүн хэрэгтэй юм байна даа гээд мордоод явчихсан бөгөөд бага наснуудаа давхиулаагүй гэдэг.

Энэ хар азарга Өндөршилд гурван жил дараалан түрүүлж өөр сумдын наадмуудад олон түрүүлж айрагдсан, тухайн цагтаа тэргүүн хурдны нэг мөн юм.

Гүрд Буувалын улаан гэдэг сайн азарга байсан бөгөөд үүний төл дээрх хар азарганы төл эхтэй бор шарга азарга их хурдан байлаа. Даагандаа Баянжаргаланд түрүүлээд давхар уяагаар Дорноговь аймгийн наадамд очоод байхад нь тэр үеийн Их жаргалангийн (одоогийн Айраг, Даланжаргалангийн зарим хэсэг) Намын үүрийн дарга Төмөртогоо гэдэг хүн Иххэтийн уяач Адилбишид Шилийн Гүрийн Бор шарга гэдэг их хурдан даага ирж дээ үг хэлүүлдэггүй өнгөрдөг гэнэ шүү гэж хэлсэн байна.

Адилбиш Гүртэй уулзаад “Чиний шарга даага чинь үг хэлж амжаагүй байтал өнгөрөөд явчихдаг юм гэлүү” гэхэд ганц нэг үг хэлж бололгүй дээ, харин чиний саарал даага чинь яадаг даага вэ гэхэд “Дөрвөн мөч нь бүтэн байхад эхний гурван даагатай л гарч ирдэг юм даа” гэж байжээ.

Үнэхээр ч хөх Цэрэнгийн хээр, бор шарга, саарал гурвуул тасархай гарч ирэхэд хөх Цэрэн уядаг хээр мориороо (тэр үед унаж явсан) хээр даагаа шахаж хэд гуядуулахад хээр даага нь сууж, бор шарга түрүүлж, саарал аман хүзүүдсэн байна. Энэ саарал хожмоо Адилбишийн их сөөнөн гэдэг зартай хурдан азарга болсон гэдэг. Бор шарга хэмээгч цуутай хурдан ажнай Дорноговийн наадамд түрүүлж гараагаа эхэлснээс хойш гурван аймгийн зааг дээр хоёр удаа (давхар уяанд) айргийн гадна давхиснаас өөр айраг түрүүнээс хасагдсан гэж дуулаагүй тухай нутгийн ахмадууд ярилцдаг.

Дорноговь дээр наадмын дараа болсон хүлээн авалтад ороход урт хадаг, мөнгөн аягатай айраг, том алтан бөгжний хамт барихад Гүр гуай учрыг нь сайн ололгүй босох гэтэл хамт явсан Жамсран заан араас нь татаж суулгаснаар бор шарга зарагдалгүй үлдсэн гэдэг.

Түрүүлээд ирж явснаа буруу хараад зогсчихдог, арын морьд ирэхээр сая эргэсэн юм шиг явчихдаг сонин зантай сондгой хурдан азарга байжээ. Гүр гуай Буувал хэмээх бүсгүйтэй ханилан сууж байсан. Гэрийн бараа хардаггүй хавар гараад намар ирдэг, адуу малын төлөө төрсөн энэ хүн хань болохгүй нь гээд энэ улаан адууг өгч “Чамд надаас илүү хань болох юм энэ адуу бололтой...” гээд хоёр тийш болсон гэж домог бий. Буувалын улаан гэдгийн учир тэр гэдэг.

 

Модон зээрд хийгээд хээр морь

Гүрийн хээр гэдэг тасархай хурдан морь байжээ. Энэ хээр морь нь “явдаггүй” хээрнүүд адуутай Бат-өлзий гэдэг айлын унаган морь хийгээд эх нь Боржгин цэцэн вангийн хошууны Тарвын хурдан хүрэн азарганы төл хүрэн гүү юм. Шүдлэндээ Өндөршил, Мэргэн вангийн наадмуудад хязааландаа Мандахын Гонгор овоо, Мэргэн вангийн наадмуудад, намар нь Далайн наадамд тус тус түрүүлж соёолондоо Далайн наадам, Боржгин цэцэн вангийн Хамар цагаан жаргалангийн наадмуудад түрүүлж босоо нэрийг авч байжээ.

Соёолон хүртэл нь ах Цэдэвсүрэн нь уяж өөрөө унаж байсан тухай ахмад уяач Ёнхоон хуучилж байна. Хавчиг насандаа Гүрд очиж домтой уралддаг долоон настайд нь Алтганы наадамд 7-оод давхиулжээ. Энэ наадамд Дорноговийн Их жаргалан, Айраг, Сайхандулаан Мандах, Өмнөговийн Манлай, Дундговийн Өндөршил, Баянжаргалангийн морьдууд ирж их өргөн наадам болжээ.

Энэ наадмаас Гүр уяач таван айраг авч байжээ. Хээр морь ихэд нийлснээс хойш Дундговь аймгийн анхны наадам Ембүү дэрсэнэ усанд болоход түрүүлж ойр хавийн аймаг сумдын наадамд түрүү, аман хүзүү хоёроос өөр байранд давхиагүй гэдэг. Санхүүгийн ахмад ажилтан Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллаж байсан Эрдэнэдалай сумын харьяат Банзрагчийн Бямбадорж ах “Ембүүд болсон аймгийн анхны наадамд зүүн зүгийн хээр морь түрүүлж манай хоёр хээр морины нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь тавласан. Тухайн үеийн Цагаан-Овоо сум одоогийн Эрдэнэдалайн Цагаан-Овоо багийн харьяат хүн манай аав...” гэж ярьдаг нь үүний баталгаа юм.

Хурдан хээр морь 1946 онд улсын 25 жилийн ойгоор улсад очиж 12-т орсон тухай ам мэдээ байдаг. Энэ хээр морины онцлог шинж нь эргэн тойрон 10-аад километр дотор гарч ирсэн юмыг хэдийн үзчихсэн сортолзож байдаг, хөлийн чимээ маш ихтэй морь байжээ. Тэр үеийн нэрт хурдны нэг Шагдарын хүрэн морь, хээр морьтой ойрхон уралдаж байсан бөгөөд Галшарын унаган морь байжээ. Хээр морийг залгаж Гүрийн “модон” зээрд гэдэг их хурдан морь гарч иржээ. Энэ зээрд морь нь Чогнямын Лувсандоржийн унаган морь юм. Лувсандоржийнх Борнойн Жамьянгийн адууны угшлын адуутай айл бөгөөд сүүл алаг, Шурагийн зээрд, “аймаг” хээр, Гүржавын халзан зэрэг хурдан азарганууд өөрийнх нь хоёр ухаа Ёндонжамцын зээрд, Гүрийн модон зээрд зэрэг их насны сайн морьд олон гарсан юм.

Модон зээрдийн онцлог нь ганц дэрсний орой дээр суухад л ийм байдаг болов уу гэмээр уяхан, туяхан найгаж явдаг морь байжээ. Иххэтийн их уяач О.Адилбиш зээрд морийг үзээд “Энийг модон гэх юу байхав, элбэг зээрд гэсэн бол энэний өмнө юу гишгэх вэ” гэж байсан гэдэг. Эндээс үзэхэд моринд нэр өгөхөд их учир байдаг байна. Модонгийн дараа үед Шүүжингийн хүрэн гэдэг их хурдан морь гарчээ.