Домог, хууч яриа

Баянтэсийн зарим домогт хүлэг

Завхан аймгийн Баянтэс сумынхан Баяжих гэдэг хүний улаан морийг бахдан ярьцгаадаг. 1940-өөд оны үед албаны чухал баримт бичиг яаралтай хүргэх болж, Баяжихийн улаан морийг дайчилжээ. Улаан морийг унаж үүр хаяаруулаад гарсан хүн талдаа 200 гаруй км яваад орой үхэр сааж дуусаагүй байхад буцаад ирж байсан гэдэг. Ер нь ч Баянтэс адуу тэсвэр хатуужлаараа гайхалтай билээ. 1950- иад оны үед Баянтэсийн залуучууд мориороо Улиастайд цэрэгт татлагад очоод буцаж ирэхдээ голчлон хоногтоо ирж байсан гэдэг. Баянтэсээс Улиастай ороход талдаа 280 км зайтай гээд бодоод үзээрэй. Бас ийм нэгэн сонин жишээ бий. Завхан аймгийн Нөмрөг сумаас Баянтэс хүртэл 130 км зайтай. 1970-аад оны үед Баянтэсийн Ө.Шаравсамбуугийн хар морь «Газ-66» машинтай уралдан давхисаар хамт ирж байсан бол мөн сумын Б.Санжжавын буурал морь дээрх зайд “Газ 51» машинтай уралдан түрүүлж ирж байжээ.

Завхан аймгийн Баянтэс сумын М.Товуугийн хүрэн халзан хэмээх зартай хурдан морь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын наадамд уралджээ. Гараанаас гарангуутаа тасарчихсан халзангийн хүүхэд нэлээд давхиж байгаад хартал арын морьд харагдахгүй, тоос нь ч босож үзэгдэхгүй байж. Унасан хүүхэд нь буруу уралдчихлаа хэмээн сэтгэж мориноосоо буун орчноо харж нэлээд зогстол арын морьд гарч ирэхэд мордож тэргүүлэн давхиж хол түрүүлж байлаа.

Баянтэс сумын Ж.Чимэддоржийн жороо улаан морь хязаалангаасаа эхлэн сумандаа тогтмол түрүүлж, аймгийнхаа 70 жилийн ойгоор мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Х.Магсаржавын хүрэн морь огт алддаггүй уран жороогоороо ойр хавьдаа ихэд алдаршжээ. Энэ бүхнээс онцгойлон дурдах нэгэн содон амжилт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Д.Хишигбатад хамаарна. Түүний агсам жороо хар морь 1991 оны улсын наадмаар жороо морьдын уралдаанд түрүүлж, Тэсийн голын адууны бас нэгэн онцлогийг харуулсан билээ.

Завхан аймгийн Баянтэс сумын Баяндооно багийн ард Лутын Магсар 1952 онд Улиастайд цэрэгт татагдаж ирээд тэнцээгүй тул буцжээ. Худагийн давааны өврөөс данхар хээр мориороо өглөөний нарнаар гарсан тэрбээр Тэсийн голын хойд талын Цагаан оломд байх гэртээ оройн хонь саах цагт очиж байжээ.

1958 оноос өмнө Тэсийн голын сав дагуух сумуудын удирдлага тохиролцож, цувж наадмаа хийдэг байхад Баянтэс сумын Баттөрийн Мижиддоржийн хүрэн морь Баянтэс, Цэцэрлэг, Баянхайрхан, Нөмрөг гэсэн дөрвөн сумын наадамд дараалан түрүүлж, бас нэгэн содон амжилт гаргаж байсан байна.