Магнай халтар хүлэг
Цагаанбандийн Баянжаргалын өвөг эцэг баян Банхай гэж жороо бүгээн олон адуутай хүн байжээ. Таван хүүгийн ууган нь Цагаанбанди буюу Баянжаргалын аав юм. Эднийх Партизаны Сангийн аж ахуйд нүүж ирсэн цагаас морь уяж уралдуулж эхэлжээ. Талын хүлэгч хэмээх хурдан морины хүчирхэг галыг нэгэн үе зангидаж авч явсан хүн билээ. Гал голомтны адуунаас нэг бор азарга Ц.Баянжаргалд үлдсэн хэмээдэг. Алдарт их ажнай шаргыг дийлж явсан Баянжаргалын Магнай халтар бол Төв аймгийн Баянцогт сумын Ч.Отгонбаярын унаган адуу. Эх нь Баянцогт, эцэг нь тогоруу халтар азарганы угшилтай. Яруу сумынхаа ойд уралдуулах гэж авсан түүхтэй юм.
2006 оны Багануур-Бага Хэнтийн бүсийн наадамд 3-т, Эрдэнэт хотын 30 жилийн ойн наадамд зургаад давхиж, Архангай аймгийн Тоглохын талд болсон даншиг наадамд айрагдсан. Хойтон жил нь улсын наадамд аман хүзүүлж, Их хурд-IV уралдаанд түрүүлсэн. Том бага наадамд 10 гаруй айрагдав. Ц.Баянжаргал магнай халтар азарганыхаа унаган эзэн Ч.Отгонбаярт мөнгөн хошуут хээр азаргатай адуугаа бэлэглэж байсан юм. Магнай халтар арьс нимгэн, бэлэн хөлстэй, давхил сайтай, өөртөө их амралт өгдөг, уяан дээрээ тааваараа, уралдааны үеэр араас ирж байгаа адуунд гүйцэгдэж ноёлуулахгүй. 2005 онд Магнай халтар азаргаа соёолон байхад Хархоринд Дуламсүрэнгийн элбэг хээр соёолонтой хамт уралдсан цагаас танилцаж морьдоо хамт уяж байсан юм. 2007 онд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн улсын шилдгийн шилдэг уяач болоход магнай халтарын амжилт онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Улсын баяр наадамд айрагдав