Домог, хууч яриа

Жамьяндоржийн буурал духт

Төв аймгийн Лүн сумын харьяат улсын алдарт уяач Одсэрийн Жамьяндорж 1980-аад оны дундуур Ж.Содномпилээс хүрэн үрээ авчирч азарга тавиад түүний үр нь Их хурдад аман хүзүүдэж, улсын наадамд айрагдаж, улсын бүсийн уралдаанд айрагдсан алдарт буурал духт хүрэн азарга гарсан юм. ХХ зууны сүүл үеийн гайхамшигт хурдан энэ азарганы талаар Цэндийн Чимэддорж ийн шүлэглэжээ. 

 

Тэнгэр магнайд нь

Тэнгэр бударч

Газар туурайд нь

Газар бударч

Дуу мандаасан

Буурал духт

Дууль булгисан

Сүүтэй духт.

 

Тэнгэр тэнгэр

Тэнгэрийн хур.

Газар газар

Газрын хуур.

 

Шуузгий аргал асгахад

Шээзгий морин хомоол

Шээзгий хэвтийг харахад

Шинийн сар шиг хомоол

 

Жаяг жаяг адуу

Жамъяндоржийн аймаг адуу

Жаран жаран адуу

"ЖАРГАЛТАЙ ДЭЛГЭР" адуу