Дотоод мэдээ

Цэрэнсандив ноён

XIX зууны сүүл үед Боржигон хошууг захирч байсан Сэцэн бэйл Цэрэнсандив бол Сэцэн хан Шолойн угсааны хүн юм. Нутаг нь аймгийн баруун зах бөгөөд Түшээт хан аймгийн нутаг руу ихэд цөмрөн орсон болой. /Одоогийн төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумд, Говьсүмбэр аймаг бүхэлдээ, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт сумд, Хэнтий аймгийн Дархан сум/ Энэ ноён тухайн цагт өндөр боловсролтой өөрийн бодолтой Манжийн төрийн бодлоготой үе үе тэрсэлдэг, төр нийгмийн нөлөөтэй зүтгэлтэн, гүн ухаантан байжээ. Ийм боловсролтой сэхээтэн  өөрийн аймгийн бараг зэргэлдээ хошууны ноён, улс төрийн үзэл бодол нэгтэн Хардэл жанжин бэйс Пүрэвжавын хурдан удмын адуу өсгөж үржүүлэх, уяж уралдуулах талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ажиглан харж, судлан суралцаж, тэр хүний жишээгээр их зүйл хийсний тодорхой үр дүн нь 19-20-р зууны заагт Боржигон угшлын адууг буй болгож, Даншигийн наадмын хурдан морины уралдааны нэгэн гол өрсөлдөгчийн хэмжээнд хүргэсэн явдал болно. Түүний шадар уяач нь Ононмөр байсан бөлгөө. Энэ хоёр хүн хамтын оюун бодлоороо боловсруулсан бодлогынхоо дагуу, ноёны хөрөнгөний зохих хэсгийг хөдөлгөн, албат зарц, адууч хүлэгч нарын хүчийг нарийн зохион байгуулан, адууны аж ахуйг ихэд эрхэмлэн, зэргэлдээх хошуу нутгаас адууныхаа цусыг сайтар сэлбэсний учир энэ шинэ сайн угшлын адууг бий болгожээ. Сэцэн бэйл Цэрэнсандив 1860-аад оны сүүлчээс 1890-ээд оны дунд үе хүртэл үндсэндээ 30-аад жил адууныхаа чанарыг сайжруулж, уяаны зөв дэгийг анхаарч нийтээр эзэмших явдалд анхаарч ирсэн байна. Энэ хугацаанд түүний шадар уяач Ононмөр Хаван Халхын нэрт сайн уяачдын тухайлбал Хардэл бэйс Пүрэвжавын зиндааны уяач болтлоо өсчээ.