Онон мөр хаван
Боржигин Цэцэнвангийн хошуу ноён Сэцэн бэйл Цэрэнсандивын шадар туслах нь Онон Мөр хаван болох талаар дээр өгүүлсэн. Онон мөр бол одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын уугуул хүн юм. Нэг жил өвгөн ноён Пүрэвжав хошуу ноёныг наадамд урихдаа “Чи тэр Онон Мөрийг авч ирээрэй” гэжээ. Наадмын урьд орой ноён Онон Мөрийг дууд гэсэн байна. Залуу шадар ноёны дуудсанаар хүрч очив. Тэдний хооронд ийм яриа болжээ. Ноён
- За Онон Мөрөө чи хэдэн түрүү авах вэ?
- Ноёнтоон би хоёр гурван түрүү л хүртэх болов уу.
- Чи арай их морь түрүүлүүлэхгүй байхаа. Чиний хонгор зээрд морь аман хүзүүлнэ. Харин азарганы түрүү чи авнаа гэв.
Ноён морь үз хар гэсэнгүй. Онон Мөр ноёны гэрээс гараад явж байтал хоёр морины авлагатай хүнтэйгээ яв цав таарав. Тэгээд мэнд амраа мэдэлцэн
- Чи энд юу хийж яваа юм бэ? гэвэл
- Би ноёны адууг хариулдаг хүн болсон гэв. Онон Мөр
- Чи надад ноёны Орлой нутгаас авчирсан хурдан морийг нь харуулж чадах уу? гэсэнд Адуучин
- Орой нар жаргах үеэр адуу энэ урагшаа гарна. Тэр үед очиж үз гэв.
Онон Мөр уяач орой цагаан гэгээ татарч байх үеэр очоод нөгөө хээр морийг бариулж хэлийг нь татаж харчихаад
- Хэ, цэгяа тархи хурдан морь юмаа гээд тавьчихаж. Тэгснээ адуучнаас
- Үгүй хө, би нэг мордоод хагас тойроод буучихъя гэсэнд адуучин эс зөвшөөрөв. Онон Мөр хэлж
- За хө, хоёулаа өр цайръя. Би мордоод л бууна. Хоёулаа тэгээд өргүй болъё гэсэнд тохиролцоонд хүрэв. Тэгээд хээр морийг барьж ирэн Онон Мөр эмээлэхдээ буруу талын хавтсанд нь тал хомоол даруулан эмээллэж мордоод адууны нь зүүн талд очоод бууж хээр морийг адуунд нь тавьжээ.
- Энэ талаар чи бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй шүү гээд буцсан байна.
Маргааш нь наадам болж Онон Мөрийн зээрд азарга түрүүлээд, Их нас мордох гэж байтал өвгөн ноён дуудаж байна гэсэн хэл Онон Мөрд очжээ. Тэр замдаа нөгөө адуучин хэлчихэж дээ, юу гэдэг юм билээ гэж бодсоор ноёны уяан дээр очтол ноён тийм ч муухай зангүй байна гэнэ. Тэрээр
- Чи хоёр түрүү авчээ. Адуу яахаараа тал мултардаг юм бол гэж асуусанд
- Мэдэхгүй гэв. Ноён
- Би чамайг мэдэх юм болов уу гэж дуудсан юмаа. Энэ наадам чинийх болсон гээд өнгөрч. Тэр наадамд Онон Мөрийн хонгор зээрд морь түрүүлж ноёны хээр морь аман хүзүүлсэн байна. Өвгөн ноён Онон Мөрөөс 40-өөд насаар ах хүн байсан гэдэг. Онон Мөр Арван засгийн наадамд Нялгын Даваанэрэнг начин болох жил “Оонон зээрд” гээч морио түрүүлүүлсэн байдаг.