Дагмид-Очир мээрэн
Өвгөн ноёны албат Дагмид мээрэн гэгч олон жил морь уясан хэдий ч айраг түрүү авдаггүй морины хорхойтон байж. Түүнийг Өвгөн ноён цаашдаа сайн уяач болох хүн гэдгийг шинжиж мэдсэн хэрэг. Өвгөн ноён нэг өдөр Дагмид мээринг дуудан ирүүлж “Чи хө, гайгүй сайн морь уях дөртэй боллоо, чамд хонгор үрээ, зээрд морь хоёрыг өгье. Үүгээр түрүүгээ онгойлго. Хонгор үрээг хоёр түрүүлгээрэй. Түүнээс илүү хэрэггүй биз дээ, цаашдаа адуутай болно биз” гэж хэлжээ. Өвгөн ноёны хайрласан хонгор үрээ, хүрэн морийг түрүүлгэж Дагмид мээрэн анх түрүү авч эхэлсэн түүхтэй. Өвгөн ноёны адууны удмаас уяач, шинжээч Дагмид мээрэнд шилжин очсон хурдны угшлаас Дагмид адуу үүссэн түүхтэй. Ийм адуу биерхүү, эрэвхий богино, хэнхдэг цээж зузаан, омруу уруул элбэг, дэл сүүл өтгөн, ахар сүүл урт, уяа орох тусам галбир нь гоёмсог болдог. Дагмид адууны удам Хэнтийн ихэнх сумдаар тархсан. Ар халхын нэртэй уяач Дагмид-Очир мээрэн Галшарын хавцал, Жирмээр нутагтай. Бичгийн их боловсролтой намхан шар хүн байсан гэдэг. Эдний угшлийн адуу төлөрхөг чанар хурдан хурцаараа гойд ялгардаг. Энэ их уяачын морьд нь ид хурдлаж байх үеийн улсын наадмын данс их дутуу байдаг тул амжилт нь яг таг тодорхой биш. Тодорхой мэдэгдэж байгаагаар 1934 онд цавьдар соёолон гурвалж, зээрд шүдлэн тавалсан байдаг. 35 онд цавьдар азаргаа дөрөвт давхиулж шүдлэн цавьдар үрээгээ түрүүлгээд, буурлийг нь аман хүзүүдүүлсэн байдаг. Мөн хонгор даага гуравт давхиулсан байдаг. Дагмид-Очир мээрэнгийн Цоохор хонгор гэж хурдан азарга байсан ба хожмоо Уулбаяны Баян Совд гэдэг хүнд очсон гэдэг. Дурсгалын мөнгөн судар гардагсадын нэг болох Өвгөний Батбуян гуайн хонгор халзан азарганы дээд тал нь Дагмид-Очир мээрэнгийн тэрхүү цоохор хонгор азарга гэдэг.