Ярицлага

Аймгийн алдарт уяач Т.Батхишиг: Улсад морь айрагдуулахад унаач маань надаас хоёр дүү байсан

11 жилийн өмнө авсан ярилцлага маань. Хурдан морины түүхэнд гоц нэгэн амжилтыг гаргасан уяач Төв аймгийн Батсүмбэрт бий бөлгөө. Түүний Түмэннасангийн Батхишиг гэнэ...

Аргагүй сайн хурдтай нутаг гэдэг тусгай байх юм. Төрийн наадамд завсаргүй морь айрагдаж байсан Батсүмбэр сумын уяачидтай уулзаж байхад, айргийн араар давхисан хүлэг ч олон байдгийг мэдэрч суув. Тус сумын уяачид улсын наадамд жар гаруй жил хавтай сайн наадсан төдийгүй соёолон морийг төрийн наадамд олон удаа түрүүлгэж айрагдуулснаараа зартай. Улсын наадамд 17 настай морь айрагдуулж байхад унаач нь 15 настай байсан сонин түүхийг аймгийн алдарт уяач Т.Батхишиг ярьж сууна. Төрийн наадамд морь түрүүлгэнэ гэдэг их хувь заяа, тэр дундаа хийморь тэтгэсэн соёолон морийг 18 насандаа түрүүлгэж явсан Түмэннасангийн Батххишиг уяач аавыгаа, хурдан хар морио ийн дурсаж байна.

-Удам судраа яриач, бага залуудаа улсад морь айрагдуулсан хүн шаггүй унаач байсан биз?

-Миний аав Түмэннасан гэж дөмөгхөн уяач хүн байлаа. Голдуу улсад уралддаг болохоор аймаг сумандаа цөөн наадсан байх. Намайг хар морио хязаалан айрагдуулахад амьд сэрүүн байсан. Харамсалтай нь соёолон түрүүлгэхийг минь үзэж чадаагүй өөд болсон доо.

Унаач байхад манайд сайн алаг морь байсан. Даагандаа Батсүмбэр суманд аман хүзүүдэж, Партизанд түрүүлээд, шүдлэндээ улсад 11-т, хязаалан мөн улсад гуч гаргаж орсон.  Наймтай морь “панз” Баярсайхан ахад зарагдаад улсад зургаалсан. Өвгөрсөн хойноо над дээр байж байгаад хөлийг нь амраасан. Алаг морийг шүдлэндээ л улсад айрагдчих байсан гэж аав маань ярьдаг байв. Тэр жил Өртөө мухарт очиж хоноод шөнө нь зарим адуугаа буцааж алдаад. Маргааш нь аав гүйлгэсэн морьдруугаа явж би алаг үрээгээ сунгаанд өөрөө унаж О.Сүхбаатар ахын улсад айрагдсан хулгар бор халзантай уралдуулаад дийлж түрүүлсэн. Үүнийгээ аавыгаа ирэхээр  хэлтэл  явуулахгүй байсан газар хийлээ загнуулаад. Тэгээд улсад гарч зугтаасаар байгаад Буянт-Ухаад ирж суугаад 11-т давхисан. Аав маань хээр голдуу адуу уядаг. Зэвгээ гуай бор голдуу адуу уяна. Сунгаанд борууд өнгөнд, хээрүүд дараа нь л ирнэ дээ.

-Унаач байхдаа улсад айрагдсан уу?

-Чадаагүй ээ. Харин цоллуулах дөхсөн (инээв). 1987 онд манай сумаас Л.Баярсайханы бор их нас түрүүлээд. Бор морийг манай сумын Дэгтий Маамуу гэж хүүхэд унаж түрүүлсэн байсан юм. Баярсайхан ах их насандааа биш хээр соёолондоо найдаж улсад очсон гэж яригддаг. Унасан хүүхэд нь соёолон унаад, аав намайг “Миний хүү бор морийг унаад цоллуулчих. Ж.Батмөнх даргатай нэг гар барьчихаад ир” гэсэн. Би “Үгүй би өөрийнхөө морийг унаж очиж цоллуулна” гээд яваагүй. Харин тэр наадамд Баярсайханы хээр соёолон есөд давхисан.

-Анх хэдтэйгээ хүлгийн сүүл шуув. Бие дааж уясан анхны тохиолдлоо дурсаач?

-Би 15 тайдаа Төв аймгийн Борнуурт шодон буурал морио уяж очоод мулталж байлаа.

Миний улсад түрүүлдэг хар морины чинь ах нь бас сайн хар морь байсан. Уг нь их харыг дааганд нь манай аав нутгийн Цагаан ахад зарсан. Цагаан ах голоод уяагүй. Цаашаа дамжиж яваад Мандал ахад ирж шүдлэн уяад сунгаанд их сайн, Зэвгээ гуайн улсад хоёр айрагддаг шарга халзан үрээ ч дийлэхгүй байлаа. Харин наадмын өмнө Мандал ах модны хажууд аргамжаад гилжгий болгочихсон. Хязаалан үрээ өөдтэй хөдлөхгүй байхаар нь намар нь би буцааж худалдаж авсан. Хоёр өнжөөгөөд долоотой морь суманд түрүүлгэсэн. 1996 онд хоёр хар морь маань дараагаараа ирж их хар нь түрүүлсэн. Хоёулаа уралцаал орж ирж байлаа. Их харыг нь тэр намраа улсын алдарт уяач О.Нэргүйд зарсан.

-Энэ хоёр хар морь удам угшиль хаанах адуу вэ?

-Эцэг нь Сүхбаатарын унаган их дэлтэй жижигхэн хээр азарга, эх нь манай Батсүмбэрийн Сангийн аж ахуйн унага бүр дээшээ яривал Жаргалант талын адуу. Батсүмбэрийн сангийн аж ахуй Сүхбаатараас азарган үрээнүүд авч тавьдаг байж. Бургалтайн цэргийн анги 30 гаруй азарган үрээ ирэхэд миний хар морины эцэг дотор нь багтсан  юм билээ. Бага хар морийг Улаанбаатар руу Цэрэнбаатар гэдэг залуу авсан. Ер нь би нийт есөн их бага хар морь уясан байна лээ. Зургаа нь миний унаган, гурав нь авмал адуу.

-Бага хар мориныхоо талаар?

-1993 онд морьд их сайн байлаа. Хунцалын сунгаанд буурал соёолон хол түрүүлгэж доголгоод. Хар шүдлэнтэйгээ Батсүмбэрт ирж түрүүлгээд. Улсад хар үрээ наймд, буурал соёолон 31-т давхисан. Тэр жил шүдлэн будлиад манай сумын Санжсүрэн гуайн халиун алаг үрээ айрагдсан юмдаг. Жижиг Сүхээгийн (одоогийн аймгийн заан Ган-Идэрийн аав Сүхбаатар) бор үрээ долоод орсон. Маргааш нь хар үрээгээ Төв аймгийн 70 жилийн ойд амралтгүй мордуулж ганцаараа зарлагдаж байгаад Бор үзүүрт ирээд нам сууж байсан юм. Аргагүй шүү дээ борогны муу шүдлэн үрээг гурав давхарлачихаар.

Хязааланд нь улсад уяж дөрөвт давхиулсан. Тэр жил хар үрээг  миний төрсөн дүү 15 настай Буян-Арвижих унасан. Хоёрхон насны зөрүүтэй уяач унаач хоёр байна гэхээр сонин л тохиолдол байх. Соёолонд нь харин нэг онож тавиад түрүүлгэсэн дээ.

-Яг өөрөө гардан уяад улсад морь айрагдуулсан таниас залуу уяач гарсан болов уу ?

-За даа бараг үгүй байхаа. 

-Улсад түрүүлэхийн өмнө мэдрэгдсэн үү, сондгой хурдан байгаа адуу ч онцгой л байсан байлгүй?

-Өнгө зүс нь гялтгайгаад жигтэйхэн сайхан болчихсон байсан. Улсад хэдэн жил уралдахад яг урьд шөнө нь би ганцаараа болчихно. Чөлөөтийн  гавьяат Наранбаатарын ах Наранхүү бид хоёр л цуг хоол тааруулна. Наранхүүгийн аавынх нь садангууд манай нутгаар байдаг. Жил бүр энд ирж амардаг хүүхэд байсан юм. Энд ирж амраагүй үедээ наадмаар над дээр ирнэ. Хязаалан айрагдуулах, соёолон түрүүлгэхэд нь бид хоёр цуг манаж хонож байсан. Хоёулаа буу халаад л хононо доо (инээв).

 

-Алтан тууртын нэрээр багагүй л алдаршиж байсан байлгүй. Хүлгийн буян хэрэг болж байсан учир тохиолоосоо дурсаач?

-1997 онд юм даа. Би хар морио долоон настай, дүү нь соёолон хээр үрээтэй нь уяад улсад очлоо. Хээр соёолон их сайн байлаа. Их морь ирсний дараа майхандаа очтол эхнэр төрөх гээд хот руу явчихаж. Манай энэ том хүү төрөх гээд. Би Эх нялхас руу морьтой давхиад очлоо. Хүлээн авах нь ч хаанаа байдаг юм мэддэггүй. Яармагаас төрөх гэж ирсэн хүн байна уу гэж асууж сураад ч нэмэр алга. Мунгинаж явтал хэдэн хүн телевиз үзээд сууж байна. Тэгсэн  телевизээр “Батсүмбэрийн Батхишигийн хар морь” гэж зарлаад  миний медалийг нь аваад мордуулж байгаа бичлэг гарч байсан.

“Наадах чинь би байгаа юм” гэтэл бүгд эргээд харцгаасан. Хүмүүс ч яав ийв болоод учир байдлаа хэлж ойлгууллаа. Тэнд суусан ах эгч нар ч дор нь асууж сураглаад мэдээд өгсөн. Эхнэр эсэн мэнд хүүтэй болсон гэдэг баяртай мэдээ авсан.

-Та чинь тэгвэл залуу уяачаас гадна, залуу аав байх нь ээ?

-Тийм ээ (инээв)

- Тэр жил хээр үрээ чинь хэдэд давхив?

-Зарлагдсар байгаад 18-д орсон юм. Манай Батсүмбэрийн хоёр хул үрээ дараагаараа ирдэг жил.

-Бук гээд дүүгээ идүүлж хоноорой гэсэн юм. Уг нь яг заасан газар аргамжсан ч барьж уялгүй чигээрээ унтацгаачихсан байсан. Өглөө очтол морины хоол тааруулагчид маань ОП цув нөмрөөд нам унтчихаж, хээр үрээ цүдийтэл идчихсэн зогсож байдаг. Барьж ирээд жаахан шогшуулж байгаад гаргасан. Амнаас нь ногоон хөөс сахраад л орж ирсэн дээ. Маягтай ч уягдсан байсан. Гарцаагүй айрагдана гэж бодож байсан юм. Түрүүлдэг Цогоогийн хул, миний хээр, Санжсүрэн гуайн борлог гурав бага насандаа хойно өмнөө орж л уралддаг байлаа. Хязааландаа суманд борлог нь түрүүлж,  хээр аман хүзүүнд, Цогоогийн хул гуравт давхиж байсан. Тэр жилээ улсад явахад миний хээр 62-т, Цоггэрэлийн хул 64-т, миний бас нэг сайн хүрэн үрээ байсан тэр 66-д гээд дундаа нэг нэг морины зайтай давхиж байв. Хойтон жил нь хул түрүүлж хээр үрээг тэгж будилсан хэрэг. Арга ч үгүй биз дээ алдарт манлай хүн уяхаар. Цоггэрэлийн хулыг чинь Цоохүүгийн Доржсүрэн уясан. Миний хээр азарганы төл нь гайгүй хар морь байсан. Хулгайд алдчихлаа. Хээр азаргыг сүүлд С.Чулуунд зарагдаж, өнгөрсөн өвөл хангай авчихсан гэнэлээ.

-Санжсүрэнгийн борлогууд гэж та ярьж байсан, олон сайн алаг адуу байжээ?

-Наймаанд яваад байдаг эрмэг борлог гүүг Санжсүрэн гуай худалдаж аваад миний харуудтай чацуу хэдэн сайн алаг адуу гаргасан. Тэр гүүг Баруунхараагийн Дармаа Хүрлээгийн борлогуудын удам гэж яригддаг. Хүрэлбаатарын борлог үрээ хязаалан улсад айрагдаж, соёолон түрүүлээд хасагдаж байсан, тэр адууны л гүү байсан шиг байна лээ. Санжсүрэн гуайн алгууд ч бас улсад зарлуулж байсан удаатай шүү. Миний хоёр хар морь, хээртэй чацуу урд хойноо орж уралддаг халиун алаг, борлог үрээнүүд байсан.

-Аймгийн алдарт уяач цолыг хэзээ хүртэв?

-Ер нь хэдэн жил улсад л уралдсан даа. Сум орон нутагт цөөн наадсан. Сумын наадмын 7 түрүү хорь гаруй айрагтай.  Энэ жил аймгийн алдарт уяач цолоо гардсан.

-Өвгөчүүлээс асууж байхад 40 жилийн өмнөх уяа, одооныхоос газар тэнгэр шиг өөр гэдэг. Хорин жилийн өмнөх уяа бас л адилгүй боллоо доо?

-Өөр өөр. Одоо чинь ногооны гарц ч их муудаж. Дээр нь зай завсаргүй нүүн ирж байгаа нүүдэлчдээс болоод бэлчээрийн даац ч хэтэрсэн байна. Манай сум найман мянган хүнтэй гэхэд албан бусаар бараг 11 мянга хол даваад байна шүү дээ. Адуу орой сэхэж, тарга тэвээрэг авах цаг ч хождох болж. Хуучин сумынхаа наадмыг сунгаан байдлаар өдөрлөг хийгээд улсад яг торгон ирээрээ уралдаж таардаг байсан. Өнөөдөр наадам олширчихоод торгон ирээрээ энд уралдах болчихоод байна. Манай сум наадмаа ер нь улсын наадмын дараа хийвэл зүгээр шиг байгаа юм.

-Батсүмбэрийн тэр айраг алдалгүй олон жил хурдалсан адуу яагаад өнөөдөр салхи шиг алга болов?

-Сангийн аж ахуй тарсантай л холбоотой болов уу даа. Хурдны цөм нь тэнд байсан. САА бутраад энэ адууны үлдэгдлээр хэдэн жил сайн наадсан. Яг тэр байдлаараа хэдэн жил зүтгүүлээд үзсэн байх. Морьд ч олигтой давхисангүй. Захиргаадалтын үед тариалалт хаа сайгүй тарьж байсан. Унаган цагаасаа поль идээд тарга хүч сайтай байсантай ч холбоотой. Унаганууд нь мах боогоод  даага шиг том болчихдог байсан. 90 оноос поль нь байхгүй болоод, ургамлынх нь гарц муудаад. Энэ хэдэн жилд уяаны арга барил ч их өөрчлөгдлөө. Сүүлийн жилүүдэд адууныхаа цусыг сэлбээд, тэжээлийн ургамал тариад орчин үеийн уяаны арга барил руу шилжих хандлага байна. Дарханы мах бэлтгэл тууварт ирж байгаа адуунаас үрээ байдас шилж сонгож авах тохиолдол ч бий. Мөн Сүхбаатар Дорнодоос ч адуу зөөж байна.