М.Данзанням гуайн тухайд
Улсын манлай уяач Гүрбазарын Батчулууны яриа
1989 онд тойруулгад орж морь уясан. Тэр үед хоёр халзан морь ид хурдан байлаа. Хээр халзан морь насны хурдан морь. Тэр нэг суувал ямарч сэхэл авдаггүй талтай. Үзүүрийн цуцааг нь гаргачихвал мөн ч хурдан. Зээрд халзан морь явах тусам үзүүрлүүгээ улам ахиж шунаж уралддаг морь байсан. Хүй долоон худагт морь сунгахад хоёр халзан морио барьж үлдэж цовхчуулж байгаад тавихад тэр дороо цээжинд гараад явчихдагсан. Сэлэнгийн эрлийз сартай хүрэн халзан морь их хурдан байлаа. Тэр хоёр удаа дайруулаад давхилгүй болж байсан. Миний багш Данзаннямын Даваахүү ах юм. 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Сүрэнхорын хавчиг соёолон хээр азарга түрүүлж тойруулгын сартай зээрд соёолон түрүүлсэн юм. Би тойруулгын адуутай байлаа. 1991 оны хавьд адуу дөнгөж ногоонд цадаж байв. Тэр жил АХ-ын 70 жилийн ой болно гээд Даваахүү ах сартыгаа түрүүлүүлнэ Нэг өдөр ах - Өнөөдөр ажаа морь үзнэ гэсэн гээд ирэв. Өвгөн ирээд Даваа ахыг загнаж байна. - Хн чи бид хоёр морь уях болоогүй байна. Наадах чинь бяр суугаагүй байна. Гүүг нь нэмж өг. Ийм байж чи бас азарга түрүүлүүлнэ гэнээ гэж жаал зэмлэж байгаад явав. Явсан хойно нь ах - Манай ажаа зөнөчихөж ийм адуу бяргүй байна гэж байх уу гээд л дүрэмдэж байлаа. Би ч бас -Ийм тарган азарга бяргүй байна гэж яаж байхав дээ гэж бодож байлаа. Тэр жилийн улсын наадамд Сүрэнхорын азарга түрүүлж сарт аман хүзүүлэв. Хожим учрыг сонсвол ороо нь гараагүй азарга бяр суудаггүй юм гэсэн. Ер нь Данзанням гуай үнэн үгтэй. Хүнд хэлсэндээ хүрдэг сайн хүн байсан.