Домог, хууч яриа

Цэрэнжамцын хүрэн

Хандгай хүрэн гэж хачин сайхан морь байх. Энэ хүлэг 1991 оны ардын хувьсгалын 70 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж, 1993 онд Төв аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд мөн гуравт хурдлаад 1994 онд улсын баярт дахин айрагдсан. 

Улсын их баяр наадамд хоёр айрагдсан Хандгай хүрэн морь бол Зуун мод сумын ААУ Ц.Цэрэнжамцын хурдан ажнай. 1998 оны Баянцагааны даншиг наадамд уралдаж ирээд хулгайд алдагдчихсан гэдэг. Ц.Чимэддорж ингэж шүлгээр урлажээ.

 

ЦЭРЭНЖАМЦЫН ХҮРЭН

Биш гээд байгаа юм шиг

"Мөн" тамгатай

Монхор хүрэн.

Битгий гээд байгаа юм шиг

Цээжний хэдтэй уралцах

Цэрэнжамцын хүрэн

Анзаарсан хүнд

"Айц" өгсөхдөө цавидар болдог

Агсага давхил дундаа

Аагандаа гал зээрд болдог

Хөх тэнгэр.

 

Алтан газрын хайланд

Хөлсөө хусуулж зогсохдоо л

Хүрэн байдаг

Дуранд өртөлгүй торж өнгөрөх

Дуулианы мананг урж өнгөрөх

Дуртгалын цагаан хаяаг шууж өнгөрөх

Дутуу орхисон дууг гүйцээж өнгөрөх

Хасаанд буусан зандан шагай

Халтар бүргэдийн салхин жигүүр

Цэрэнжамцын хүрэн

Цэрэнжамц хүрэн.

Даян хүлэгтэй үзэлцэж асах

Давхил дундаа томорч харагдах

Зүрх чанга, цөс ихт хүрэн

Зөв талаар нь салхилж дайрахад

Хулмайн зүтгэх морьд

Хуур эмээллэсэн мэт сульдана

Морьдын хамар дээр мөрөө цацаж

Монхор хүрэн өөртэйгээ уралдана

Цэрэнжамцын хүрнийг түрүүлэхгүй бол

Цэрэнжамцын хүрэн түрүүлнэ.

Зураг дээр Цэрэнжамц уяач Жинст хонгор азаргатай