Монгол улсын алдарт уяач Батын Төрбадрах
Анхны арван алдарт уяачийн нэг Батын Төрбадрах Завхан аймгийн Алдархаан сумын хүн юм. Улсын хэмжээний цол олгосон анхны арван хүн дотор Хэнтийн Донойн Цэгмид гуай 82 настай, Батын Төрбадрах 80 настай энэ эрхэм цолыг хүртжээ.
Батын Төрбадрах төрсөн нутагтаа лам байгаад үүргэвч үүрэн Богдын хүрээг зорьж мянган бээрийг явган туулж ирсэн. Анхандаа Төв аймгийн Баянцогтод ирж, удалгүй Батсүмбэрээр нутаглаж, хурдан хул мориныхоо нэг айргийг энэ сумаар цоллуулсан байдаг юм. Удалгүй Баянцогтод мал маллаж, хурдан хүлгээ уяж насыг барсан. Хул морь дахин нэг удаа улсын наадамд айрагдсан. 1972 оны улсын баяр наадамд хоёр ч бага адуу айрагдуулсан. 1973 онд хонгор халзан азаргаа айрагдуулж, бор шүдлэнгээ дахин айрагдуулсан. Түүний хойтон хонгор халзангийн төл зээрд халзан шүдлэн айрагдуулсан. Ирээдүйн алдарт хурдан халзан азарга юм. 1976 онд соёолон аман хүзүүдэж, хэдэн жил халзан азаргаа төрийн их баяр наадамд айрагдуулж чадаагүй юм. Харин 1982 онд уяхын сайнаар уяж улсын баярт түрүүлгэсэн.
Тухайн үеийн хэвлэлд “Морио мэдэж уяач болно. Уяаг нь тааруулах ч яггүй дээ. Энэ сайхан ногоон талд хурдны дээдийн тоосыг өргөн явах шиг сайхан юм хаа байх вэ. Азаргаа түрүүлгэх сэн гэж хүү бид хоёр их бодсон, санаандаа хүрлээ” гэж 40 гаруй жил морь уясан Б.Төрбадрах уяач ярьсан юм. Түүний хүү Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн хоньчин, уяач Т.Самдангийн Зээрд халзан азарга Ардын хувьсгалын 61 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн адуучин, уяач Ц.Жанчивын Хул аман хүзүүнд хол тасархай давхин ирсэн юм. Т.Самдангийн Зээрд халзан азарга унасан хүүхдээ хоёр талаараа байн байн харсан, нар зөв эргүүлэгтэй, мяндсан сүүлтэй түмэн эх байлаа...” гэсэн байв. Энэ азарга 1984 онд дахин айрагдсан. Халзан азаргыг зарим мэдээнд Даваанэрэнгийн мөнх төрийн мөнгөн магнай халзан азарганы удамтай гэж бичсэн байх нь бий. Хүү Доржийн хурдан хар үрээ гарч улсын баяр наадамд түрүүлээд дийлдэхгүй адуу гарч ирлээ гэж байхдаа хулгайд алдагдсан.
Төрбадрахын Самдангийн хүрэн хэмээх адууны удам монголын сүүл үеийн олон алдарт адууны дээд удамд дурдагддаг. Батын Намхайн хүрэн гэж авга ахынх нь нэрээр улсын цуваанд бичигдсэн. Самдангийн улсын баярт нэг түрүүлж, гурав айрагдсан халзан азарганы шууд төл. Улсын наадамд нэг дөрөвт, нэг удаа зургаалсан. Энэ азаргыг Монголын морин спорт уяачдын холбоог үндэслэгч Галбадрахын Пунцагбалжир худалдан авсан. Эндээс хүрэн азарганы төл гүүнүүдээс олон хурдан адуу гарсан. Тод манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн, Т.Галбадрахын, Б.Билэгдэмбэрэлийн, Б.Баясгалангийн, П.Энхмөнхийн унаган, энэ азарганы төл эхтэй хүлгүүд олон бий. Домогт хурдан хүлэг Луу халтарын эх, 2020 оны улсын баяр наадамд гараанаас бариа хүртэл тарладаг П.Энхмөнхийн хайр хулын эх, Т.Галбадрахын Уулс хүрэнгийн эхийн эх цөм л Самдангийн хүрэнгийн төл ажгуу.