Дотоод мэдээ

Жангудынхан

Алдархаан сумын уяач Жангудынхан гэж бүлэг айл өндөр сайхан амжилтыг гаргасан юм. Жангуд Алдархааны нэгдлийг үүсэн байгуулахад үнэтэй хувь нэмрийг оруулсан хүн билээ. Хамгийн түрүүнд малаа нийгэмчилж нэгдэлд элссэн. Хүү Ерэнтэй, Санжаадорж (Моёор), Рэнцэндорж (Зозон), Мөнхбат, Дамбажаагийн хүү Доржсүрэн нар нь аймагт морьд айрагдуулж олон түмнээ баясуулж явлаа.

Энэ адууны эх тал нь Жангудын өөрийн удмын гүүнүүд, эцэг нь 1979 онд Монгол элсний зуугуул адуунаас хүү Ерэнтэй, Рэнцэндорж нарын барьж номхруулсан азарга юм. Энэ хүрэн азарганы төл бүхэн нь хурдалсан. Говь-Алтай аймгийн Эрээн нуур, Шар усны адуу. Хоёр төл нь Моёорын цавьдар, Мөнхбатын цавьдар хоёулаа аймагт айрагдсан. Ерэнтэйнхний авга ах Дандарын Тэрбишийн хүрэн алаг морь 1981-1982 оны үед бага насандаа Завхан аймагт айрагдаж байв. Жангудын Ерэнтэй Завхан аймгийн заан цолтой, лав 1952 онд энэ цолыг авчихсан байжээ. Ерэнтэй жороо морьтой нааддаг. Ерэнтэйн аймгийнхан гэж ах дүү олуулаа наадаж явдаг, ахынхаа үгнээс дүү нар нь гардаггүй, буувал зэрэг бууж, мордвол зэрэг морддог улс байв. Их насны алаг морь түрүүлж ирээд үзэгчдийн үзүүр лүү орж хүүхдээ унагахад хээр морь нь айрагдаж байсан. 1991 онд том толгойт хээр морь нь түрүүлэхэд аймагт түрүүлсэн Мягмаржавын халиун морь аман хүзүүдэж байв. 1984 онд хондон даага аймагтаа айрагдуулж, 1986 онд Говь-Алтай аймгийн Жаргаланд айрагдуулжээ. Жангудын Дамбажаагийн халиун морь аймагтаа гурав айрагдсан. Жангудын Арилдий (Айлаа) 1979 онд аймагт хээр даага түрүүлэхэд ахынх нь хээр даага гуравт орж байсан. 1985 онд алаг морь аймагтаа түрүүлж, 1988 онд алаг морь аймагтаа гуравт хурдлаад Говь-Алтайн Жаргалангийн ой, улсын начин Д.Шоовдойхүүгийн цолны мялаалга наадамд түрүүлсэн. Тэр үед Завханаас Арилдийн алаг морь, Дашцэрэнгийн цоохор азарга хоёр урилгаар очиж хоёулаа түрүүлж байжээ. 1985 онд майга цавьдар соёолон дөрөвлөж, хамар цагаан хүрэн даага айрагдсан.

Ерэнтэйн Санжаадорж (Моёор) нутагтаа морь сайхан хатгадаг. Завхан чигийн олон сайхан хүлгийн хөлийг эмчилсэн хүн. 1989 онд хээр даага айрагдаж, сүүлд цавьдар азарга айрагдсан. Цавьдар азарга тэр жилээ Говь-Алтайн Жаргалангийн ойд түрүүлээд, Дөрвөлжинд болсон хөдөлмөрийн баатар Жамц, Доржсамбуу, Адьшажав нарын мялаалга дөрвөн аймгийн уяачид цугласан баярт түрүүлсэн. 1986 онд хээр даага аймагтаа айрагдуулсан. 1987 онд энэ хээрийн дүү хээр даагыг дахин айрагдуулжээ.

Ерэнтэйн Мөнхбат 1989 онд хүрэн үрээ аймагтаа айрагдуулж байсан. 2008 онд цавьдар азарга нь аймгийн баяр наадамд тавд давхив. 2015 онд Сандагийн хүрэн хязаалан айраг, 2014 онд таван цагаан хэмээх морийг аймгийн баярт айрагдуулсан. Таван цагаан гэдэг нь Гунгаагийн Мөнх-Одоор дамжсан. Уяачдын холбооны 20 жилийн ойд айрагдаад, Дүнжингаравт түрүүлдэг Ч.Хишигбаатарын хээр морь юм.

2013 оны долоон сард Мөнх-Од таван цагаанаа уяулахаар авчирч өгөхөд Ерэнтэйн Мөнхбат ах Санжаадоржоороо тавагны цусыг нь авхуулахад гурав хоног хөл дээрээ зогсохгүй хэвтэж байсан гэдэг. 2014 онд аймгийн алдарт уяач Е.Мөнхбат найм уралдуулж, аймгийн бүс, сумдын тэгш ойд 3 түрүүлж, 5 айрагдуулсан. Тэр жил нутаг унаган адууг шинжин уяж айрагдуулна гэж Сандагийн хүрэн даагыг уяж аймаг бүсийн олон айраг түрүү авсан.

Нэг жил Цагаанхайрханы азарга, соёолон, шүдлэн гурвын түрүүг авсан. Жангудын Арилдий, Ерэнтэйн Санжаадорж, Ерэнтэйн Мөнхбат нар хурдан цавьдар адуугаараа алдарт уяач цол хүртжээ. Ерэнтэй заан дүү Монгоон, Арилдий, хүү Рэнцэндорж, Санжаадорж, Мөнхбат нарыг дагуулан Монголын элсэнд чонын авд явдаг байсан нь морины эдэлгээг ханатал хийдэг ажил болж байв. Ерэнтэй 2-3 чоно, Монгоон Арилдий нар мөн тооны , Дамбажаа 7-8 агнаж тушаадаг байсан баримт бий.

Эд гурван үе дамжиж цавьдар адуугаа Завхан аймгийн баярт айрагдуулжээ.