Дотоод мэдээ

Цагаанхайрхан сумын уяачид

Уул гарал яривал гурван тод манлай уяачтай сум. Лхагвын Цандэлэг, Даариймаагийн Чулуунбат, Балдоржийн Баярдорж нар бол энэ нутгийн уугуул улс юм. Баярдорж манлайн аав нь Цагаанхайрхан, Чулуунбат тод манлай Орхон аймагт суурьшсан. Л.Цандэлэг манлай Улиастай сумаар явдаг юм.

Цагаанхайрхан сумын уяачдаас анхлан улсын баярт морь айрагдуулсан хүн нь Төв аймгийн Жаргалантаар нутаглаж байсан Ц.Тойныжав гуай юм. 1948 онд Алдархаан сумын нутаг Яруугийн голын баруун хөвөөнд төрсөн. Цагаанхайрхан сум үүсгэн байгуулагдахад тус суманд тасарч ирэн суурьшсан өөрийн нутаг хэмээн хүндэлж энэ сумаар овоглож явдаг. Үндэсний их баяр наадамд 1995 онд хээр даага, 2003 онд хээр их нас айрагдуулсан.

Жороо хээр гүүний удам азарган хээр морь нь Холч морьдын 160 км уралдаанд Эрдэнэтэд, болон Өндөр довд түрүүлсэн. Хүй долоон худагт холын зайд азарган хээрийн ах Туулай хээр түрүүлжээ. Хүү Т.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн алдарт уяач болжээ.

2015 оны Монголын морин спорт уяачдын холбооны түүхт 20 жилийн ойд шүдлэн насны морьдын уралдаанд Цагаанхайрхан сумын уугуул Сандаг-Очирын Баяраагийн зээрд халзан шүдлэн түрүүлсэн. Энэ халзан Сэрээтэрийн Баярсайханы халзан гэж сайн азарга болж үр төлөөс нь улсын наадмын айргийн адуу ч гарсан юм.

Цэргийн арслан өсвөр залуучуудын улсын аваргаас тодорсон Баттогтохын аав Доржбал аймагтаа сайнтай уралдаж байсан. Аймагтаа анх удаа морь нэмнэж уралдуулж улс амьтан гайхаж байсан хэмээдэг.

Шооногой Авирмэд гэж хүн их насны морь удаа дараагаар нь оруулж байсан гэдэг. Шилүүстэйн адуучнаас авсан хоёр морь. Бадарчийн цавьдар нэгдэл адуунаас авсан. Аймагтаа хоёр түрүүлсэн. Аварга хийцтэй, лут морь байсан хэмээдэг. Хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн.