Домог, хууч яриа

Содын Буриад

1970-аад оны эхэн үед Содын Буриад гэж сод уяач Яруу нутгаас тодорсон. Завхан аймгийн 50 жилийн ойн баяр наадамд таван айраг авсан байдаг. Хурдан бор морь нь сумандаа найм түрүүлсэн. Энэ хүнийг нутгийн зон Аливаа хэмээн цээрлэн дуудна. Панз наймаа их хийнэ. Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Тосонцэнгэлээр явж наймаа хийдэг. Үзүүр сөөм цагаан гаанстай, халтар манан хөөрөг барина, гэрт нь ороход унинд нь тултал хуучин цагийн мөнгөн аяга өрсөн тийм л айл байлаа. Хурдан сайн адуу хайж мөн л дээрх газруудаар явж наймаа хийнэ. 1962 оны наадмын үеэр Зүйлийн голын эх Хүйс хайрханы энгэрт эхнэр нь төрж, Рэнчиндорж бааваа гэж мундаг лам хүн эхнэрийг нь төрүүлэхээр залагдан ирээд байжээ. Содын Буриадын шон дээр хоёр хотон шувуу суухад ламтан “Эхнэрээс тань хүү төрвөл морь чинь гүйцэгдэхгүй юм байна даа” гэж хэлж байлаа. Морьд нь ч ламтны зөнгөөр болж гайхалтай хурдалсан. Буриадын Батсүхэд хожим Яруу сумын уяачдын холбооны тэргүүн Аавхүүгийн Банзрагч (хурдан хээр морь аймагтаа түрүүлгэсэн ерөнхийлөгч Н.Баганбандийн ойрын садан) зууны манлай хурдан морь унаач цол өргөмжлөл өгч байсан юм.

1960-1980 оны үед Яруу сумын баярт бааваа Самдангийн хүрэн морийг эс тооцвол дан цагаан бор морьд түрүүлж айрагддаг байсан юм. Содын Буриадын бор, Жалбуугийн бор, Ширэндэвийн бор, Залаан панзын жонон ягаан, Тангадын Бүдээхүүгийн бор, Дашдондовын бор гээд долоо найман бор морь Хаг нуурыг тойрч уралдахад нүүдлийн цагаан шувуу шиг цайраад гараад ирдэг байсан гэж Сугарын Содномдаржаа хуучилж байлаа. Содын Буриадын бор морь 1968-1975 онуудад Яруу сумандаа хүү Батсүх нь унаж найман удаа завсаргүй түрүүлсэн учир нөгөө бор морьдод түрүүлэх боломж олдоогүй гэнэ. Содын Буриад Яруу сумандаа 60 гаруй айраг түрүүг авсан. Бор морийг түрүүлж байдаа Залаа панзын бор, Цагирагийн алаг, Маадайн Самдангийн хүрэн, Алдархааны Аргалтайн нахиу Ядамын бор, Эрдэнэхайрханы Арьяадагвын бор морьдыг дийлж түрүүлж байсан юм. Яруу сумын түмэн цагаан хонины баяраар бор морь түрүүлж, Идэрийн цэцэгт хээр гээч хурдан морь аман хүзүүдэж, гуравт Эрдэнэхайрханы Арьяадагвын бор морь морь орж байв. Бор морийг түүний аав тугалтай үнээ авах байсан өртөг дээрээ морь нэмж өгөөд Жимбий гэдэг хүнээс худалдаж авсан.

1973 оны Завхан аймгийн 50 жилийн ойд таван айраг авсан. Бор их нас нь хөндлөн Чойжилжавын бор морийг арай дийлэлгүй аман хүзүүдэж, Нацагийн Аавхүүгээс авсан буурал соёолон тавд, хязаалан унаган саарал үрээ гуравт, Санжсүрэнгээс авсан хээр шүдлэн дөрөвт, бөөн сүүлт хүрэн даага нь аман хүзүүдэж байлаа. Түүний хойтон Завхан аймгийн баяр наадамд Яруугийн Дэндэвийн Буриадын халтар морь түрүүлж, Содын Буриадын бор морь дөрөвт хурдалж хоёр үрээ айрагдаж байсан байна. Сүүлд Буриадын Батбаярын морьд хурдан байсан.